ЭЗБХ: Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид нэр дэвшигч Энхболдын Анарыг томилохыг дэмжлээ

2026 оны 07 сарын 01

УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо өнөөдөр (2026.07.01) 53.1 хувийн ирц бүрдсэнээр хуралдаж, таван асуудал хэлэлцэж шийдвэрлэв. Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчийн сонсголын тайланг хэлэлцлээ. (Сонсголын талаарх мэдээллийг эндээс)


Тус байнгын хорооноос энэ сарын 30-нд зохион байгуулсан сонсголд оролцогч, ажиглагчаар нийт 16 иргэн бүртгүүлж, 27 гишүүн оролцсон. Иргэн Л.Амар, Д.Баасандорж, М.Будбазар, О.Галцог, Б.Зоригтбаяр, Г.Хонгор, Г.Эрдэнэмөнх нар нэр дэвшигчээс асууж, хариулт авсан. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэгт заасны дагуу сонсголд оролцсон гишүүд хаалттай хуралдаж, сонсголын тайланг гаргасан гэж УИХ-ын гишүүн Л.Соронзонболд танилцууллаа. Тайланг хэлэлцэх үед, Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчөөр Энхболдын Анарыг томилуулах саналыг өргөн мэдүүлсэнээ илтгэсэн юм. (Нэр дэвшигчийн намтрыг эндээс)


 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Дав.Цогтбаатар, Г.Очирбат, М.Мандхай нар асууж, үг хэллээ. Гишүүдийн асуултад Монголбанкны Ерөнхийлөгч болон нэр дэвшигч хариулахдаа, төв банкнаас явуулж буй мөнгөний бодлого, хяналт, шалгалтын үр дүнг ирүүлэх зэрэг асуудлыг хөндсөн юм. Ийн хэлэлцээд, Энхболдын Анарыг Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид томилуулах талаар санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 75 хувь нь дэмжив. Уг асуудлаар Эдийн засгийн байнгын хороо санал, дүгнэлт, УИХ-ын тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.


Байнгын хорооны хуралдаанаар үргэлжлүүлэн “Эрчим хүчний салбарын тогтвортой байдал, хэвийн үйл ажиллагааг хангах чиглэлээр авах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцсэн. Тогтоолын төслийг хэлэлцэх үед эрчим хүч тасалдуулахгүй байх, салбарынхны цалин хөлсийг нэмэх, өвөлжилтийн бэлтгэлийн талаар УИХ-ын гишүүн Л.Соронзонболд, А.Ундраа, С.Цэнгүүн, Н.Батсүмбэрэл, Ч.Анар, Х.Булгантуяа, П.Батчимэг, Р.Батболд, С.Эрдэнэбат нар тодруулж, байр сууриа илэрхийллээ.


Хөдөлмөрийн үнэ цэнийг өсгөх нь салбарын бодлогын нэг хэсэг, цалинг хэмжээг хэсэгчилсэн байдлаар нэмэхээр төлөвлөсөн хэмээн Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайд Б.Найдалаа хариулсан. 


Энэ өдрийн хуралдаанаар Газрын тосны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төсөл, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийв. Байнгын хороо хуулийн төслүүдийг хэлэлцэх үед УИХ-ын гишүүн Г.Уянгахишиг, Г.Очирбат, Б.Жаргалан, Б.Мөнхсоёл, С.Эрдэнэбат, Ш.Бямбасүрэн нар төслийн үр дүн, хэрэгжиж эхлэх хугацааг онцлон тодруулсан. Хуулийн төслүүдээр Ажлын хэсэг, гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хурааж, санал, дүгнэлтийг нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Өмнөх мэдээлэл
Дулаан хангамжийн тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Дараагийн мэдээ
Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан, КОЙКА-ын Монгол дахь суурин төлөөлөгч Жу Хэйн Нан нар төслийн хэлэлцээрийн протоколд гарын үсэг зурлаа

Холбоотой мэдээ:

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэл (0)

  1. Одоогоор сэтгэгдэл байхгүй байна.

Хайлт

GDPR Compliance

We use cookies to ensure you get the best experience on our website. By continuing to use our site, you accept our use of cookies, Privacy Policy, and Terms of Service.