Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хилийн бүсийн бэлэн байдалтай танилцлаа

2026 оны 07 сарын 30

Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна

 

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх Хөвсгөл аймгийн нутагт Монгол-Оросын хил дээр ажиллаж, улсын хилийг хоёр дахь удаагаа хамтран шалгах хээрийн ажлын хэсгийн ажилтай танилцлаа.

 

Энэ үеэр Монгол Улсын хамгийн хойд захын цэг болох Монгол шарын даваанд байрлах улсын хилийн 350 дугаар тэмдгийг шинэчлэн суурилуулав.

 

Монгол-Оросын 3,543 км хилийг 1987-2001 оны хооронд анх удаа хамтран шалгаж, УИХ-аар 2002 онд соёрхон баталгаажуулсан юм.

 

Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2021 онд ОХУ-д төрийн айлчлал хийх үеэрээ Ерөнхийлөгч В.В.Путинтай Монгол-Оросын хилийг хоёр дахь удаагаа хамтран шалгаж, НҮБ-д бүртгүүлэхээр тохиролцсон.

 

Энэхүү шийдвэрийн дагуу талуудын Засгийн газар Монгол-Оросын улсын хилийг хамтран шалгах комиссыг 2021 онд байгуулан, хилийн төхөөрөмжийн ажлын хүрээнд хилийн тэмдгийг шинэчлэх, хилийн шугам дайран гарсан гол, нуурын гольдрол, эргийн өөрчлөлтийг шалгах, шинээр үүссэн болон алга болсон арлын харьяаллыг тогтоох, ой огтолсон зурвасыг сэргээх, хилийн шугамын явалтыг тодотгох зэрэг ажлыг хамтран гүйцэтгэж байна.

 

Тухайлбал, комиссын анхдугаар хуралдаанаар улсын хилийн 1620 тэмдгийг шинэчлэн босгохоор тохиролцсон.

 

Өнөөдрийн байдлаар хилийн төхөөрөмжийн ажлын явц 85 хувьтай байна.

 

Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх энэ үеэр Монгол-Оросын хилийг шинэчлэн баталгаажуулах ажил нь олон улсын эрх зүйн хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн, маргаангүй улсын хилтэй болох түүхэн чухал бодлого, арга хэмжээ гэдгийг онцоллоо.

 

Хоёр улсын Иж бүрэн стратегийн түншлэл, харилцан итгэлцэл, найрсаг хөршийн харилцааг улам бэхжүүлэхэд онцгой ач холбогдолтой болохыг тэмдэглэлээ.

 

Байгаль, цаг уурын хүндрэлтэй нөхцөлд хилийн төхөөрөмжийн ажлыг гүйцэтгэж буй комиссын бүрэлдэхүүн, холбогдох мэргэжилтнүүд, хилчин дайчдад талархал илэрхийлж, амжилт хүсэв.

 

 

 

 

 

Өмнөх мэдээлэл
ХЗДХЯ: 30 байгууллагын 83 дүрэм журмыг хүчингүй болгуулав
Дараагийн мэдээ
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө

Холбоотой мэдээ:

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэл (0)

  1. Одоогоор сэтгэгдэл байхгүй байна.

Хайлт

GDPR Compliance

We use cookies to ensure you get the best experience on our website. By continuing to use our site, you accept our use of cookies, Privacy Policy, and Terms of Service.