Бизнес ба Хүний эрх

timelive.mn 2023-10-18

НҮБ-ын Бизнес ба хүний эрхийн удирдах зарчмуудыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн Газрын 2023 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 231 тоот тогтоолоор “Бизнесийн үйл ажиллагаанд хүний эрхийг хамгаалах, хүний эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, зөрчигдсөн эрхийг сэргээх үйл ажиллагааны төлөвлөгөө(2023-2027)”-г батлаад байна. Төрийн байгууллагууд тус төлөвлөгөөнд туссан хариуцсан ажлаа өөрсдийн гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгаж, хэрэгжилтийг жил бүрийн 12 дугаар сарын 1-ний дотор тайлагнах үүрэг хүлээсэн.

Иймд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс Монгол Улсын холбогдох яам, агентлаг, төрийн байгууллагуудад НҮБ-ын Бизнес ба хүний эрхийн удирдах зарчмыг сурталчлан таниулах, үндэсний үйл ажиллагааны төлөвлөгөөг танилцуулах, хэрэгжүүлэх арга замыг тодорхойлоход дэмжлэг үзүүлэх зорилготой цуврал уулзалт хэлэлцүүлэг зохион байгуулж байна.

Энэ удаагийн сургалт 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Татварын ерөнхий газрын Татвар төлөгчдийн танхимд зохион байгуулагдаж, Сангийн яам, Татварын ерөнхий газар болон Гаалийн ерөнхий газрын ажилтан албан хаагчид хамрагдлаа.