Г.Занданшатар: Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг хаврын чуулганаар хэлэлцэнэ

2019-02-18 88 0

УИХ-ын дарга Г.Занданшатар Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл боловсруулах ажлын хэсэг, дэд ажлын хэсгийн гишүүд, эрдэмтэн, судлаачидтай өнгөрсөн баасан гарагт уулзаж, ажлын явцтай танилцан, санал бодлыг нь сонслоо. Улс төрийн намын санхүүжилтийн болон Сонгуулийн тухай хуулийг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлттэй уялдуулан шинэчлэх ёстойг уулзалтад оролцсон хүмүүс хэлж байсан юм. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийн хүрээнд олон нийт, эрдэмтэн, судлаачдын санал нийлж байгаа, түлхүү дэмжлэг авсан, цөөн боловч гол асуудлууддаа төвлөрөх ёстойг ч хэлж байлаа. Мөн ажлын хэсгээ өргөтгөж, бусад нам, иргэд, байгууллагын оролцоог хангах, улмаар үндэсний болон улс төрийн зөвшилцлийн хэмжээнд Үндсэн хуулиа өөрчлөх, үүний тулд ажлын хэсгийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, тасралтгүй байлгахыг анхааруулав. Түүнчлэн 1992 оны Үндсэн хуулийн суурь үзэл баримтлалыг хөндөхгүй, парламентын засаглалаа төгөлдөржүүлж бэхжүүлэх, туйлшрал, улстөржилт, популизмаас аль болох ангид байлгах хөшүүргийг тусгах ёстойг онцолсон.

Энэ үеэр ажлын хэсгүүд, эрдэмтэн, судлаачдын баг, улс төрийн намууд саналаа багцалж, ирэх долоо хоногт багтаан албан бичгээр УИХ-д ирүүлэхийг УИХ-ын дарга хүслээ. Тэдгээр санал, ажлын хэсгийн бэлтгэсэн төслийн хувилбарыг хамтатган шүүж, тунгаах замаар эцэслэн боловсруулж, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг ирэх хаврын чуулганаар хэлэлцэхээ ч илэрхийлэв. Тэрбээр “Бидэнд эргэж буцах зам байхгүй. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахгүй бол Монголын ардчиллын ирээдүй, улс орны хэтийн хөгжилд учирч болох эрсдэлээс сэргийлж чадаагүйнхээ төлөө хожим түүхэн хариуцлага хүлээж болзошгүй” гэв.

Бэлтгэсэн: У.Наран

Холбоотой мэдээ