“Шар хантаазтнууд”-ын ээлжит жагсаал цуглаан боллоо

2019-02-03 886 0

ПАРИС./AP/. Бямба гарагт Францад болсон эсэргүүцлийн ажиллагаанд 58 мянга гаруй “шар хантаазтан” оролцсон тухай телевиз, радиогийн “France Info” компани тус улсын Дотоод хэргийн яамны мэдээллээс иш татан уламжлав.

Тус компанийн мэдээлснээр, бямба гарагийн эсэргүүцлийн ажиллагаанд 58 мянга 600 хүн оролцсон байна. Харин өнгөрсөн долоо хоногийн бямба гарагт болсон жагсаал цуглаанд 69 мянга орчим хүн оролцож байжээ.

Татвар болон шатахууны үнийг нэмэгдүүлэхийг эсэргүүцсэн “шар хантаазтанууд”-ын томоохон хэмжээний жагсаал цуглаан өнгөрсөн оны 11 дүгээр сарын дундуур эхэлсэн юм. Францын удирдлага нөхцөл байдлыг намжаах арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхээ мэдэгдсэн хэдий ч эрх баригчдын нийгмийн бодлогод сэтгэл хангалуун бус байгаа хүмүүс улс даяар жагсаал цуглаан хийсээр байгаа юм.  

Эсэргүүцлийн ажиллагаануудын үеэр эмх замбараагүй байдал үүсч, жагсагчид болон цагдаа нарын хооронд мөргөлдөөн гарч байв. Хэвлэлүүдийн мэдээлснээр, хоёр сар гаруйн хугацаанд 1900 орчим жагсагч, хууль сахиулах байгууллагуудын 1200 орчим ажилтан гэмтэж бэртжээ.

Холбоотой мэдээ