Монгол Улсаас Канад Улсад суугаа Элчин сайд Я.Ариунболд Бритиш Колумби мужийн Олон улсын боловсролын зөвлөлийн Гүйцэтгэх захирал Др Рандал Мартин, Хамтын ажиллагааны хэлтсийн дарга Колин Доэрр нартай уулзаж тус мужийн их, дээд сургуульд суралцах монгол оюутнуудыг нэмэх, оюутны тэтгэлэгт хамруулах, дунд сургуулийн сурагчдын соёлын солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэх, сургуулиудын шууд харилцаа, хамтын ажиллагааг үүсгэн хөгжүүлэх талаар ярилцлаа.
Элчин сайд Бритиш Колумбийн их сургуулийн Дэд ерөнхийлөгч Др Мурали Чандрашекарантай уулзаж тус их сургуулийн “Global citizen” буюу “Дэлхийн иргэн” урт хугацааны хөтөлбөрийн хүрээнд хамтран ажиллах, ШУТИС-ын Уул уурхайн сургуультай хамтран хэрэгжүүлж буй хичээлийн хөтөлбөрийг шинэчлэх төсөлд дэмжлэг үзүүлэх талаар ярилцлаа Мөн энэхүү төслийг үргэлжлүүлж, боловсролын дипломыг харилцан хүлээн зөвшөөрөх түвшинд хүргэх, улмаар Бритиш Колумбын их сургуулийн салбарыг Монгол Улсад нээх боломжийг судлах, уул уурхайн инженер, хөдөө аж ахуй, ойн чиглэлээр суралцах монгол оюутнуудыг нэмэх талаар ярилцаж, хамтын ажиллагааны гэрээ байгуулахаар тохирлоо.
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат тэргүүтэй төлөөлөгчид 2018 оны 8 дугаар сард Бритиш Колумбын их сургуулийн Ойн тэнхимд зочилсны мөрөөр тус тэнхимийн Төсөл хариуцсан захирал Жорма Ньювонентой уулзаж хамтарсан судалгаа хийх, сургалт зохион байгуулах, 18 давхар барилга барих боломжтой модон материалын стандартыг Монгол Улсад нэвтрүүлэх боломжийг судлахаар харилцан ярилцлаа.
Элчин сайд Я.Ариунболд Бритиш Колумбын их сургуулийн Ази судлалын хүрээлэнгийн хөтөлбөрийн зохицуулагч, профессор, Монгол судлаач Др Жюлиан Диеркэстэй уулзаж ШУТИС-тай хамтарсан төслийг өргөжүүлэх, Вашингтон хотод зохиогдох Хойд Америкийн Монгол судлалын хуралд оролцохыг урилаа.
Мөн Элчин сайд Бритиш Колумби мужийн Бөхийн холбооны ерөнхийлөгч Роберт Томсон тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзаж Монголын чөлөөт бөхийн холбоотой хамтын ажиллагаа тогтоох, Ванкүвэр дэх монгол хүүхдүүдэд зориулсан бөхийн дэвжээ нээх, Монгол хүүхдүүд болон Бритиш Колумби мужийн хүүхдүүдийн хооронд тэмцээн зохиох боломжийг судлахаар тохиров.
Түүнчлэн Бритиш Колумбын Уул уурхайн холбооны Ерөнхийлөгч Брайн Кокс, Дэд ерөнхийлөгч Линдсэй Кислок нартай уулзаж энэ оны дөрөвдүгээр сард Улаанбаатар хотноо болох Mining Mongolia хөрөнгө оруулалтын хуралд урьж, Канадын уул уурхайн технологи, тоног төхөөрөмжийг Монголд нийлүүлэх боломжийг судлах санал тавилаа.