Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд сар бүр болдог “Ил тод, хариуцлагатай уул уурхай” хэвлэлийн бага хурал эхэллээ.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар ДАВОС-ын эдийн засгийн чуулганд оролцоод ирсэн юм. Тэрээр энэ үеэр “Бүс ба зам санаачилга” салбарын хуралд оролцон, хөрөнгө оруулагчдад “Таван толгой” ХК-ийн нийт хувьцааны 30 хувийг олон улсын хөрөнгийн биржид худалдаалах талаар мэдээлэл түгээжээ.
Дараа нь тэрээр сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
“Монгол зэс” компани уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн 49 хувиа Сингапурын компанид шилжүүлнэ гэдэг нь үнэн үү? гэсэн сэтгүүлчдийн асуултад “Энэ компани яагаад компаниа Сингапурт бүртгүүлснийг бид шалгаж байна. Өөр мэдээлэл байхгүй” гэв. Мөн стратегийн ордуудыг төрийн мэдэлд авна гэсэн мэдээллийг тодруулахыг хүсэхэд, Холбогдох мэдээллийг шалгаад, хууль зөрчсөнийг илрүүлсэн юм. ЗГХЭГ, манай яам, Ашигт малтмал, газрын тосны газартай ярилцаад ордын тусгай зөвшөөрлийг цуцлах шийдвэрт хүрсэн. Ер нь гадаад дотоодын бүх ААН хуулиа мөрдөх ёстой. Цаашдаа ч энэ байр сууриа бид хатуу хамгаална. Нөхөн олговор олгох эсэхийг судалж байна. Тусгай зөвшөөрлийг цаашид “Эрдэнэс Монгол” ХХК эзэмшинэ.
Монголчуудын тахиж шүтдэг газар болох Хамрын хийдийн ойролцоо уул уурхайн лиценз олгосон нь байж болшгүй, ёс зүйгүй асуудал. Тусгай зөвшөөрлийг шүүхийн шийдвэрээр сэргээсэн юм билээ. Манай яамны хуулийн хэлтэс энэ асуудлыг шалган, шаардлагатай бол тусгай зөвшөөрлийг цуцална.
2014 онд орон нутгийн тусгай хэрэгцээнд энэ газрыг авсан. Шийдвэр гаргасан шүүгчдийн бүрэлдэхүүнд хэн хэн багтсан талаарх, хэргийн эздийн мэдээллийг бид ил болгоно. Уул уурхай, аялал жуулчлалын салбар тус тусдаа байх ёстой. Шүүгчид Үндсэн хуулийн 6.1 дэх заалтыг сайтар ухамсарлаасай. Нэг талаас мэргэжлийн хяналтынхан ажиллаад хүчингүй болгоход нөгөө талаас шүүх эсрэг шийд гаргаж болохгүй. Уул уурхайн яамнаас лицензийг нь сэргээсэн мэтээр худлаа мэдээлэл тараан, бидэнд нялзаасан.
Харин алтны татварын талаар ярихдаа,
-Би ч үүнд санаа зовж байна. Би аль нэг алтны компанийг дэмжээгүй. Хамгийн сүүлийн тооноос харахад Төв банк 22 тонн алт авсан байна. Үүнээс 800 сая америк долларын орлогыг бүрдүүлсэн. Гадаад валютын албан нөөцөд, улмаар ханш буурахад нөлөөлсөн. Энэ сард алт тушаалт 6 дахин буурсан байна. Алтны АМНАТ 2.5 хувь байснаар алтаа Монголдоо авч үлдэх боломжтой. Алтны шороо шууд валют болдог. Гэхдээ алт олборлолтын салбарт хариуцлагатай уул уурхай орхигдсон гэдгийг би хүлээн зөвшөөрнө. Энэ асуудлыг би өнөөдөр УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнтэй ярилцана. Цагаан сарын дараа алтны АМНАТ-ыг УИХ-аар дахин хэлэлцэнэ гэв.