Сар шинийн өдрүүдэд Дархан-Улаанбаатарын хооронд рейлбус үйлчилнэ

2019-01-31 183 0

Урвуулагч хэмээх шороон гахай жилийн сар шинийн өдрүүдэд УБТЗ-аас иргэдэд үйлчилгээгээ ойртуулан түргэн шуурхай үйлчлэх үүднээс Дархан-Улаанбаатарын хооронд  рейлбус явуулахаар болжээ.

Тодруулбал хоёрдугаар сарын 4 буюу битүүний өдрөөс эхлэн 10-ныг дуустал Дархан-Улаанбаатар, Улаанбаатар-Дарханы чиглэлд 961, 962-р галт тэрэг буюу рейлбус, шинийн 1,2,3-нд Дархан-Сүхбаатар, Сүхбаатар-Дарханы чиглэлд 963, 964-р галт тэргийг нэмэлтээр явуулна.

Улаанбаатар-Дарханы чиглэлд дээр дурдсан өдрүүдэд рейлбус 09.00 цагт хөдөлж 13.10 цагт Дарханд ирэх аж. Харин Дарханаас 13.45 цагт хөдөлж Улаанбаатар хотод 18.18 цагт хүрэх юм байна. Мөн Дархан-Сүхбаатар чиглэлийн галт тэрэг Дарханаас 10.25 цагт хөдөлж 12.20 цагт Сүхбаатар өртөөнд хүрэх бол Сүхбаатараас 13.05 цагт хөдөлж, 15.01 цагт Дархан өртөөнд ирэх ажээ.

Зорчих тасалбарын үнэ Улаанбаатар-Дархан, Дархан-Улаанбаатар чиглэлийн рейлбус том хүн 14.600 төгрөг, хүүхэд 6400 төгрөг байна. Дархан-Сүхбаатар, Сүхбаатар-Дархан чиглэлийн галт тэрэгний тасалбар том хүн 2900 төгрөг, хүүхэд 1000 төгрөг байх ажээ.

Сар шинийн баярын өдрүүдэд Улаанбаатар хот, Дархан, Сэлэнгэ, Орхон аймгуудын авто замын ачаалал ихэсдэг тул ийнхүү жил бүр нэмэлт галт тэрэг явуулдаг юм. 

Дархан-Уул /МОНЦАМЭ/.

Холбоотой мэдээ