Урьдчилсан гүйцэтгэлээр дотоодын эдийн засаг 2018 онд 7.1 хувиар өссөн талаар Засгийн газрын ХЭГ-ын дарга Г.Занданшатар өчигдөр МҮОНРТ-д өгсөн ярилцлагадаа мэдээллээ. Энэ нь манай улсын эдийн засгийн сүүлийн таван жил дэх хамгийн өндөр үзүүлэлт юм.
Манай улсын эдийн засаг 2011 онд хамгийн их буюу 17.3 хувьд хүрч байсан билээ. Тэгвэл АХБ-аас гаргасан 2018 оны тайланд, “2017 онд 5.1 хувьтай байсан Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт 2018 онд саарч 3.8 хувь болох ч, 2019 онд эргээд бага зэрэг нэмэгдэж 4.3 хувь болно” гэж таамаглаж байсан юм. Мөн өнгөрсөн онуудын Төсвийн тухай хуульд, эдийн засгийн өсөлт 2017-2019 онд тогтмол 2 хувийн өсөлттэй байж, 2019 онд 7.9 хувьд хүрч, 2014 оны өсөлттэй ойролцоо түвшинд хүрнэ хэмээн тусгаж байв.
Эдийн засгийн өсөлт 2016 онд 1.2 хувьтай байсан бол, 2017 оны эхний хагас жилийн байдлаар ДНБ-ний өсөлт 5.8 хувьтай тэнцэж байсан юм.
Харин энэ удаагийн эдийн засгийн өсөлт нь түүхий эдийн үнэ өндөр байж, нүүрсний экспорт өсөж, гадаадын хөрөнгө оруулалт сэргэсэн зэрэгтэй холбоотой байна. Эдийн засгийн өсөлтийн албан ёсны дүнг Үндэсний статистикийн хороо баталгаажуулан зарлах юм.
Улаанбаатар /МОНЦАМЭ/.