Улаанбаатараас шилжин явсан хүмүүсийн тоо ирсэн иргэдийнхээс анх удаа давжээ

2019-01-28 214 0

11:00 цагаас эхэлнэ гэж мэдэгдсэн Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит хурал мөн л цагаасаа хожимдон, 12:30 гэж 62 хувийн (45-28)-ийн ирцтэй эхэллээ.

Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын  асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан орчны бохирдлыг бууруулахаар хэрэгжүүлж буй ажлуудыг танилцууллаа. Тэрбээр “Нийслэлийн шилжилт хөдөлгөөний статистикаас харвал 2017-2018 онд анх удаа Улаанбаатар хотоос шилжин явсан хүмүүсийн тоо ирснээс давсан. Агаарын бохирдлын эх үүсвэрийг тодорхойлоход 80 хувийг гэр хорооллын яндангийн утаа бүрдүүлдэг. Гэр хороололд нийт 201 474 өрх байгаагаас 196 мянган өрх, 2742 халаалтын зуух ба энгийн зуух хэрэглэж, жилд 1 сая тонн нүүрс хэрэглэж байна. 500 мянга гаруй тээврийн хэрэгслийн 74 хувь нь арваас дээш жилийн насжилттай.

Дөрвөн цахилгаан станц жилд 5,1 сая тонн нүүрс түлдэг. 

Агаарын чанар сайжруулах бүсэд 138 хороо байна. Үүнийг Нийслэлийн мэргэжлийн хяналтын байцаагчид хариуцаж ажиллана. Төвийн зургаан дүүрэгт сайжруулсан түлш борлуулах 530 гаруй цэг нэмж, нийтдээ 700 гаруй цэг ажиллана. Мөн түүхий нүүрсийг далд зарах эрсдэл байгаа тул давхар хяналтын цэг ажиллана.

Халаалтын зуухны нүүрсний хэрэглээ өрхийнхөөс хэд дахин өндөр. Тиймээс энэ асуудлыг шийдэх гаргалгаа хэрэгтэй. Байгалийн хийг автобуст туршсан ч бид байгалийн хий олборлодоггүй учраас өндөр өртөгтэй” гэсэн юм.  

Нийслэлийн бодлого төлөвлөлтийн газрын дарга н.Өлзийбаяр: Гэр хорооллын хөгжлийн сангийн төслийн хүрээнд 108 өрхийг орон сууцанд оруулах болсон. Үүний улмаас 5,8 га газар нийслэлийн мэдэлд ирсэн. Гэвч 100 гаруй өрх бидний газрыг хямд зарах нь гэж хэмээн гомдол гаргасан. Гомдлыг барагдуулахын тулд 53 өрхийг дэд бүтцэтэй нь ойр газарт суурьшуулсан” хэмээн ярилаа.

НИТХ-ын хурал үргэлжилж байна.

Холбоотой мэдээ