ТЕННИС: Новак Жокович Австралид 7 дахь удаа түрүүллээ

2019-01-28 299 0

Мэргэжлийн талбайн теннисний энэ оны эхний том тэмцээн болох Австралийн нээлттэй тэмцээн Ням гарагт өндөрлөлөө. Энэ жилийн тэмцээний эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд чансааг тэргүүлэгч тамирчид болох Сербийн Новак Жокович болон Испанийн Рафаэль Надаль нар шалгарч үлдээд байсан юм.

Дэлхийн чансааг тэргүүлэгч Жокович тус тоглолтод өрсөлдөгчөө 3 сетэд дараалан 6-3, 6-2, 6-3 аар хожиж, тус тэмцээнд 7 дахь удаагаа түрүүллээ. Энэ тоглолт 2 цаг, 4 минут үргэлжилсэн нь “Их Дуулга”-ын түүхэн дэх хамгийн богино хугацаанд шийдэгдсэн тоглолтуудын нэг болжээ.

31 настай Жоковичийн хувьд Австралийн нээлттэй тэмцээнд 7 дахь удаагаа түрүүлснээр тус тэмцээний рекордыг ганцаараа эзэмших болсон байна. Мөн 15 дахь “Их Дуулга”-ын цомоо өргөж, бүх цаг үеийн жагсаалтын 3-т Швейцарийн Рожер Федерер (20), Испанийн Рафаэль Надаль (17) нарын ард жагсах болсон юм. Жокович–Надаль нарын сүүлийн 16 тоглолтын 13-т нь ийнхүү Серби тамирчин илүүрхлээ. Харин Надалийн хувьд 4 “Их Дуулга”-д бүгдэд нь дор хаяж 2 удаа түрүүлсэн анхны теннисчин болох боломжоо алджээ.

Австралийн нээлттэй тэмцээнд хамгийн олон удаа түрүүлсэн эрэгтэй теннисчид:

  1. Новак Жокович (Серби) – 7
  2. Рой Эмерсон (Австрали) – 6
  3. Рожер Федерер (Швейцарь) – 6
  4. Жэк Кроуфорд (Австрали) – 4
  5. Кен Рөүзвол (Австрали) – 4
  6. Андре Агасси (АНУ) – 4
  7. Жэймс Андерсон (Австрали) – 3
  8. Адриан Куист (Австрали) – 3
  9. Род Лавер (Австрали) – 3
  10. Матс Виландер (Швед) – 3

Харин эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн шигшээд тэмцээний 4-т эрэмбэлэгдсэн Японы Наоми Осака болон 8-д эрэмбэлэгдсэн Чехийн Петра Квитова нар хүч үзсэн юм. Энэ тоглолтод 21 настай Осака 7-6, 5-7, 6-4 өөр хожиж, хоёр “Их Дуулга”-д дараалан түрүүллээ. Тэрбээр өнгөрсөн оны Америкийн нээлттэй тэмцээнд ялсан билээ. Энэ тэмцээнд түрүүлсэн Осака дэлхийн чансааг тэргүүлэх болзлоо хангалаа. Румыны Симона Халэп сүүлийн нэг жил орчим дэлхийн чансааг тэргүүлж байсан юм.

Холбоотой мэдээ