ҮБХ-ны гишүүн, улс төр судлаач О.Чулуунбилэгийн ил захидал

2023-01-11 61 0

Ардчилсан Намын Үндэсний Бодлогын Хорооны эрхэм гишүүд ээ

Ойрд та нартайгаа уулзалдаад сайхан байна.  Тэнгэрт одсон зарим журмын нөхдийгөө ч дурсан саналаа. Ирэх баасан гарагт болох ҮБХ-ны хурлаас наана бүгдтэй нь уулзах цагийн боломжгүй учраас видео захидал илгээж сууна. Сүүлийн зургаан жил нам бүх шатны ээлжит сонгуулиудад ялагдсаар ирсэн боловч үзэл санаа, итгэл үнэмшил маань бидний зүрхэнд хэвээрээ гэдгийг улам бүр мэдэрч байна.

Чи тэгээд аль АН-ынх нь хүн юм бэ гэсэн олны сонирхсон асуултанд ороогдож, шоолсон, шаардсан бүр үзэн ядсан, гутарсан таагүй олон хандлагыг өөрийн бие дээрээ бид бүгд мэдэрч ирсэн. Ийм гутамшигт хэрүүл талцлын балчигаас хэрхэн гарах вэ? Ер нь ЦААШИД АРДЧИЛСАН НАМ ЯАХ ВЭ? энэ л бидний хариулах гол асуудал гэж бодож байна. Хувь улс төрчдийн зөрчил, өвгөн партизаны яриа, өөрийгөө шүтсэн лидер, үе хоорондын маргаан одоогийн энэ балчиг намгийг туулахад туслахгүй.ҮБХ-ны гишүүнийхээ хувьд ирэх баасан гарагийн хурлаараа гурван  асуудлыг шийдэх ёстой гэсэн саналтай байна.  

Нэгт, Улс төрийн нам бол нэг даргатай шаталсан тогтолцоо биш улс төрийн хамтын удирдлагын систем юм. ҮБХ бол улс төрийн намын хуулиар АН-ын төлөөллийн төв байгууллага нь мөн. Мундаг намын дарга хайхаасаа илүүтэй эхлээд ҮБХ гишүүд маань өөрсөддөө итгэлтэй байцгаая. Хурлаа олонхын ирцтэй хийчихвэл шүүхийн маргаан сарнин алга болно. Эв нэгдлийн галт тэргэнээс хэн ч хоцрох ёсгүй. Хожигдох эрхгүй.  Нэг сарын 13 нд бүгд цуглацгаая.

Хоёрт, Дотоод сонгуулиа шударга явуулдаг дархлаатай болцгооё. Ковидын дэглэм дууссан тул цахим сонгууль, тролл ҮБХ хаягнууд бидэнд хэрэггүй. Хамгийн эхлээд нүүр нүүрээ харж суугаад нэг заалнаас нэг намын даргын сонгуулиа хийцгээе. Тооллогын системээ зөв болгох журмыг ирэх хурлаас гаргацгаая. Шударга байвал хэн гомдох билээ.

Гуравт,  Үнэнийг хэлэхэд иргэдэд АН-ын дотоодын маргаан мэтгэлцээн биднийг үзэн ядах, монголын ардчилалд гутрах мэдрэмжийг л төрүүлдэг. Улс төрийн зах зээлд АН идэвхитэй сөрөг хүчин байхгүй бол ард түмэн бидний эсрэг давхар сөрөг хүчин болох бодит эрсдэл үүсчихлээ. Хүний эрх, чөлөөт зах зээлийн үнэт зүйлс, олон намын тогтолцоомонголын нийгэмд цаашид байх эсэхийг шийдэх түүхэн үүрэг өнөөдрийн АН-ын гишүүд бидэнд ноогдож байна. Чадахгүй бол автономийг устгахад оролцсон хүрээний ноёдын  шившиг биднийг ч тойрохгүй цаг ирээд байна. Идэвхитэй, оролцоотой сөрөг хүчний  агуу уламжлалаа сэргээцгээе.

Эрх баригчдад хандаж хэдэн үг дайж байнаа

Шулуухан хэлэхэд эрх баригч намын зарим лидерүүд ардчилсан намын хэрүүлийн тогоонд уралдаж гал өрддөг болоод удлаа. Зарим нь Жэнког дэмжиж зарим нь Эрдэнийг өмнөөс нь түлхэж өөр зарим нь  ирэх сонгуульд гурав дахиа ялахын тулд АН-ын тамгыг хэзээ ч өгөхгүй гэж лоббидож суугаа. Гэвч бие даасан, бүрэн тамгатай ардчилсан намгүйгээр  ямар ч сайхан тогтолцооны шинэчлэл явахгүй, үндсэн хуулийн өөрчлөлт хийгдэхгүй, хулгайтай тэмцэх тэмцэлд монгол ялахгүй гэдгийг бүү мартаасай гэж хүсэж байна. Хүчтэй өрсөлдөгчгүй  бол  сөрөг хүчний хоосон зайд нам дотор чинь нам бий болж задрах эхлэл  тавигддаг онол ёсыг санаарай гэж хүсий. Эцэст нь нэг намын авторитар тогтолцоо, дабл стандартад өдрөөс өдөрт нэмэгдэж буй иргэдийн бухимдал танхим, сошлоос хальж хавар зун  гудамжны хувьсгалд хүргэж сонгууль болохгүй бол хариуцлагыг нь зөвхөн танай нам хүлээх ёстой болно. Уг нь бид хамтдаа хийх ажил уруудаж буй улс оронд маань хималайн оргилоос ч өндөр овоолгоотой байна.

Ардчилсан намын мянга мянган гишүүд ээ

Дэлхий ертөнц өмнөхөөсөө үүрд өөрчлөгдөж буй цаг үед ч монголын улс төрийн намууд мухардалд орж, иргэдийнхүлээлт намуудын бодит байдал хоёрын хооронд завсар өдрөөс өдөрт нэмэгдсээр байна. Улс төрөөс, улс төрийн намаас хүнийсэх хандлага байнга нэмэгдэж, намын гишүүн байна гэдэг хэвийн бус хүн гэж үзэгдэх хэмжээнд ирж улс төрийн намууд шинэчлэгдэхгүйгээр цаашид ардчилал мухардалд орчихлоо. Ардчилсан намын жирийн гишүүдийн хувьд ч намын айдэнти буюу өөриймшлөө хайж либерал уу консерватив уу гэдэгээ ч тодорхойлоход бэрх байна. Ардчилсан нам цаашид баруун төвийн ардчилсан либерал консерватив  нам болж төлөвших цаг болсон. Бид хувь хүний эрх чөлөө, чөлөөт зах зээлийг авчирсан либерал нам. Бид бүрэн тусгаар тогтнол, үндэсний өв соёл, хэл бичиг,  эх түүхээ эргэж сэргээсэн консерватив нам мөн.

Ардчилсан нам улс төрийн клубуудын ХОЛБОО ноос үзэл санааны ИНСТҮҮЦ болж дараагийн шатанд дэвшихгүй бол ЦАГ ҮЕ биднийг улс төрийн зах зээлээс арчиж хаяна. Гишүүд улс төрийн клубуудын хоорондын олс татах тэмцээнд хуваагдаж итгэл үнэмшил, ахуй амьдралаараа чирэгддэг муу уламжлалаа гээх ёстой. Бид анхан дунд шатан дээр гишүүдийн нэр барьж саналын цаг зарж амьдардаг шимэгчдээсээ салах ёстой.

Хэдхэн хоногийн өмнө Дорнодын АН-ын дарга У.Даш дарга аймгийнхаа намын гишүүдтэй уулзаж сумдаараа бүтэн тойроод иржээ. Жирийн гишүүдийн гол захиас нь АН тогоон доторх жижиг  хэрүүлээсээ салж улс орны хөгжил, хулгайн асуудлаар байр сууриа илэрхийлэх хэрэгтэй байна гэжээ. Юутай үнэн бэ. Ардчилсан нам үндэсн хуулийн өөрчлөлт, улс төрийн намын хууль, сонгуулийн хуулийн асуудал дээр хамтын үнэт зүйлсээ суулгахад, хамгаалахад оролцох шаардлагатай байна. Эс тэгвэл үүрдийн сөрөг хүчин байх хараал биднээс салахгүй нь. Сөрөг хүчин байхад хамгийн их ажил амьдрал нэр хүндээрээ хохирдог нь намын жирийн гишүүд билээ. Хэрвээ шүүгчид бидний хийх хурлыг, АН-ын хууль ёсны төлөөллийн төв байгууллагын шийдвэрийг зөвшөөрөхгүй бол бид ард түмэнтэйгээ нийлж хулгайлагдсан бүхнээ  олж авах шударга ёсны хувьсгал хийхээс өөр зам алга байна. Монгол хүн бүхэнд хандаж уриалж байна. Бас гуйж байна.

Ардчилсан намын 180,000 гаруй гишүүд хамтын итгэл үнэмшилээрээ нэгдсэн жирийн л ард түмний нэг хэсэг. Монгол хүний жаргал зовлонг ижилхэн мэдэрч амьдарч байгаа иргэд. Та бид агуу өвөг дээдэстэй нэг үндэстэн. Бас нэг ирээдүйтэй. Ирээдүйд бидний үр хүүхэд илүү сайхан нийгэмд хамтдаа амьдрахын тулд биднийг дэмжээрэй.

Монгол улс мөнх орших болтугай.

 

Холбоотой мэдээ