Түгжрэлийг “сөрсөн” хоёр машины нэг нь торгуулиа огт төлөөгүй, нөгөөхийнх нь улсын дугаарын мэдээлэл ЗӨРҮҮТЭЙ байна

2022-11-21 166 0

Улаанбаатарт өнгөрсөн Баасан гарагт их хэмжээний цас үргэлжлэн орсны улмаас авто замын ачаалал оргилдоо хүрч, тэг зогсолт болсон.

Энэ үеэр тусгай дуут дохиот машинаар хамгаалуулсан машин эсрэг урсгалаар явж буй зураг олон нийтийн сүлжээнд тарж, иргэдийг ихээхэн бухимдуулсан юм. Учир нь энгийн иргэд зам дээр олон цаг түгжирч байхад, эрх мэдэлтнүүд явахдаа зам хааж, хөдөлгөөний зохион байгуулалтыг өөрчлүүлэх зэргээр түгжрэлээс ангид байгааг шүүмжилсээр байна.

Дээрх зургаас харахад, урд нь явж буй 0770 УАМ улсын дугаарт автомашин нь 2015 онд үйлдвэрлэгдэж, 2016 оны тавдугаар сард импортлогджээ.

Уг машины торгуулийн мэдээллийг шалгахад Чиглэлийн тээврийн хэрэгслийн буюу нэгдүгээр эгнээгээр зорчсон хэмээн дөрвөн удаа 20,000 төгрөгөөр торгуулсан бөгөөд нэг ч удаа торгуулиа төлөөгүй байна.

зураг

Харин удаах машин болох 0022УНҮ улсын дугаартай автомашины мэдээллийг үзэхэд, 2016 онд үйлдвэрлэгдсэн LEXUS 570 маркийнх гэж гарч байна.

Зураг дээрх машин Mercedes benz G-Class байгаа хэдий ч мэдээлэл нь өөр байгаа тул 0022УНУ гэж шалгахад ч LEXUS 570 гэж гарч байлаа. Тэгэхээр автомашины улсын дугаарын мэдээлэл нь smartcar.mn дээр зөрүүтэй байна гэсэн үг юм.

зураг

Хоёр машин тусгай дуут дохиотой, мөн урсгал сөрж явсан тул ямар тохиолдолд ийм эрх эдэлж болохыг холбогдох хуулиас харлаа. Ингэхэд Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд болон эдгээр албыг хашиж байсан иргэд тодорхой хугацаанд төрийн тусгай хамгаалалтад байдаг тул ийм эрх эдэлдэг аж.

Төрийн тусгай хамгаалалтын тухай хуулиас:

2.Төрийн тусгай хамгаалалтад байх албан тушаалтан, иргэн дараах зэрэглэлд тус тус хамаарна:

1/нэгдүгээр зэрэглэлийн төрийн тусгай хамгаалалтад Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд, Монгол Улсад айлчилж байгаа гадаад орны төр, засгийн газрын тэргүүн, өөрийн хамгаалалттай ирсэн дээд хэмжээний зочин;

2/хоёрдугаар зэрэглэлийн төрийн тусгай хамгаалалтад Улсын Их Хурлын даргын үүрэг гүйцэтгэгч, Ерөнхий сайдын үүргийг орлон гүйцэтгэгч, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч, Монгол Улсад айлчилж байгаа гадаад орны өндөр хэмжээний зочин;

3/гуравдугаар зэрэглэлийн төрийн тусгай хамгаалалтад Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайдын алба хашиж байсан иргэн болон Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайдын албан тушаалд нэр дэвшигч, Монгол Улсын хууль, олон улсын гэрээний дагуу төрийн тусгай хамгаалалтад авах бусад албан тушаалтан, иргэн;

4/дөрөвдүгээр зэрэглэлийн төрийн тусгай хамгаалалтад энэ хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д заасан хамгаалуулагчийн эхнэр / нөхөр/ , насанд хүрээгүй хүүхэд болон 6 дугаар зүйлийн 3-т заасан албан тушаалтан, тэдний эхнэр /нөхөр/, насанд хүрээгүй хүүхэд хуульд заасан нөхцөл байдлын үед түр хугацаагаар.

3.Хамгаалалтын зэрэглэл тус бүрийн онцлогт тохирсон хүч хэрэгслийн хэмжээ, тэдгээрийг хамгаалалтын тухайн нөхцөл байдалд нийцүүлэн зохицуулах журмыг Засгийн газар батална.

Нэмж дурдахад, дарга нар явахдаа зам хааж, түгжрэл үүсгэдэг асуудлыг зогсоох талаар саналаа Засгийн газарт хүргүүлснээ Монгол Улсын сайд, Түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар өөрийн твиттер хаягаараа байр сууриа илэрхийлээд байгаа юм.

Холбоотой мэдээ