Хятадын удирдагч Канадын ерөнхий сайдыг зэмлэж буйг харуулсан дүрс бичлэг интернэтэд таржээ

2022-11-17 84 0

Индонезын Бали аралд зохион байгуулагдаж буй Их 20-ын бүлгийн дээд чуулганы төгсгөлд Хятадын төрийн тэргүүн Ши Жиньпин, Канадын ерөнхий сайд Жастин Трюдо нар албан бусаар уулзсан байна.

Хэдхэн минут үргэлжилсэн уулзалтын үеэр Трюдогийн ажиллах арга барилыг Ши Жиньпин шүүмжилж, зэмлэж буйг өчигдөр тарсан видео бичлэг харуулжээ.

Балид Хятадын төрийн тэргүүн АНУ, Франц, Австрали зэрэг өрнөдийн орнуудын удирдагчидтай албан ёсоор уулзсан бол Канадын ерөнхий сайдтай уулзаагүй юм. Энэ нь хоёр орны харилцаа нэлээд таруу байгааг харуулж байна.

Уулзалтын өмнөхөн Трюдо 2019 онд Канадад болсон сонгуулийн 11 нэр дэвшигчийг Хятадын талаас санхүүжүүлсэн гэх дуулиан хэвлэлээр цацагдсанд санаа зовж байгаагаа илэрхийлсэн юм.

Ши Жиньпин “Бидний өмнөх уулзалтаар ярьсан бүх зүйл хэвлэлээр цацагдсан. Энэ бол зохимжгүй хэрэг” гэж Трюдод орчуулагчаар дамжуулан хэлжээ.

“Дипломат яриа хэлэлцээ ийм байдлаар явдаггүй юм” гэж тэр залуу ерөнхий сайдад сургамжилсан байна.

Канадын талд ойлголцох чин хүсэл байхгүй байгаа нь эндээс харагдаж буйг Ши бас анхааруулжээ.

Хариуд нь Трюдо “Канадад бид нээлттэй, чөлөөтэй, ил тод ярилцдаг. Бид энэ арга барилаараа цааш ажиллана. Бид бүтээлч хамтын ажиллагааг эрэлхийлэх болно. Гэхдээ санал нийлэхгүй зүйл ч байж болно” гэж хэлсэн байна.

Харин Ши Жиньпин “эхлээд ярилцах нөхцөлөө бүрдүүлэх хэрэгтэй” гэж түүний тайлбарыг таслан хэлснийхээ дараа гар бариад салсан юм.

Уулзалтын дараа Трюдо сэтгүүлчидтэй уулзахдаа Хятадын удирдагчтай яриа хэлэлцээ явуулах үргэлж амархан байдаггүйг хүлээн зөвшөөрөөд “бүтээлч хамтын ажиллагааны талаар ярилцахын зэрэгцээ хүний эрх, үнэт зүйлсээ хамгаалах шаардлага тулгардаг” хэмээн тайлбарлажээ.

 

Холбоотой мэдээ