Амьсгал боогдуулагч цацсанаас 158 хүн эмнэлгийн тусламж авчээ

2022-11-09 102 0

Дархан-Уул аймгийн ерөнхий боловсролын лаборатори “Оюуны ирээдүй” цогцолбор сургуулийн хичээлийн А байранд өчигдөр  хий алдагдаж, олон хүүхэд эмнэлэгт хүргэгдсэн.

Тэгвэл дээрх хэрэг явдалтай холбоотой урьдчилсан дүгнэлт гарснаар албаны хүмүүс дараах тайлбарыг өглөө.

ХҮҮХДЭЭС ЭХНИЙ МЭДҮҮЛГИЙГ АВСАН, ШАЛГАЛТЫН АЖИЛ ДУУСААГҮЙ

Дархан-Уул аймгийн цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Ганзориг:

-Цагдаагийн байгууллагын шалгалт үргэлжилж байна. Нулимс асгаруулагчийн тухайд тусгай зөвшөөрөлтэй зарж борлуулдаг. Мөн тусгай зөвшөөрөлтэй харуул хамгаалалт, цэрэг, цагдаагийн байгууллага хэрэглэдэг.

Нулимс асгаруулагч цацсан хүүхдээс авсан урьдчилсан мэдүүлгээр үеэл ах нь биеэ хамгаалах зориулалтаар авч өгсөн гэж мэдүүлсэн. Учир нь өнгөрсөн долдугаар сард тухайн сурагч халдлагад өртөж байсан гэж хэлсэн.

Үүнийг шалгалтаар тогтооно. Тусгай зөвшөөрөл авч байж худалддаг зүйлийг насанд хүрээгүй хүүхдэд өгч явуулснаас ийнхүү олон хүнийг эрсдэлд хүргээд байна. Ямар ч байсан одоогоор гомдлын дагуу хэрэг бүртгэлийг нээж шалгаж байгаа. Зөрчлийн тухай хуулийн 5.6-д тусгай хэрэгсэл хэрэглэх журмыг зөрчих гэж заасан байдаг. Гэхдээ энэ асуудлыг шалгалтын ажил дуусаагүй байхад бид арга хэмжээ авах боломжгүй. Хяналтын дараа дээд шат болох прокурорын байгууллагатай зөвшилцөж, хууль дүрэмд заасны дагуу шийдвэр гаргах болно.

Цаашид ийм тохиолдол гаргахгүйн тулд бид сургуулийн нийгмийн ажилтан, багш нартай хамтарч урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг зохион байгуулна.

70 ГАРУЙ ЭМЧ, СУВИЛАГЧ АНХАН ШАТНЫ ТУСЛАМЖ ҮЗҮҮЛСЭН

Яаралтай тусламжийн газрын эмчийн өгсөн мэдээллээр сургуулийн дуудлагад нийт гурван машинаар найман удаа яаралтай тусламж үзүүлсэн. Хордлогын шинжтэй хүүхдүүдийг эрэмблэн ангилж, шинжилгээнүүдийг хийж, ажиллаж байна.

Ажиглалтад байсан хүүхдүүдийн таваас бусад нь зөвлөгөө авч гэртээ харьсан. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэхэд нэгдсэн эмнэлгийн 70 гаруй эмч, сувилагч ажиллалаа.

Мөн эмнэлгийн тусламжаас гадна сэтгэлзүйчид зөвлөгөө мэдээлэл өгч байна. Нулимс асгаруулагчийн хувьд амьсгалын замыг хурцаар цочролд оруулдаг учир аюул бага гэж үзэж байгаа. Харин архаг хууч өвчтэй хүүхдүүдэд сэдрэх эрсдэл өндөр. Тиймээс яаралтай тусламжийн тасаг хүмүүсээ тогтмол хянаж байна.

Холбоотой мэдээ