ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРТ эгнэгт мэхийхийн учир

2018-12-04 903 0

Монголын хөгжил хэдэн арванаар түргэсэхийн зар түгээсэн гэгээн жилүүд

Чех, Монголын геологичид Эрдэнэтийн овооны орчимд гэр, майхнаа босгож, онгон зэрлэг тал нутгаас эрдэнэ хайж эхэлсэн нь 1964 он. Дөрвөн жилийн дараа гэхэд тэд 4.2 сая тонн зэс, 170 гаруй мянган тонн молибден, хоёр тонн алт, мөнгөний нөөцтэй асар баялаг орд илрүүллээ гэсэн мэдээг олон улсад түгээж байлаа. Эрдэнэтийн овоог “Дэлхийд томд тооцогдох орд” хэмээн тодорхойлж, социалист орны мэргэжил нэгтнүүд уг ордыг нүдээр үзэх гэж манай улсыг зорьж байсан тэр жилүүд Монголын хөгжил хэдэн арванаар түргэсэхийн зар түгээсэн гэгээн үе байв.
1970-1972 онд ЗХУ-ын геологичид нарийвчилсан хайгуул хийж, 4.6 сая тонн зэсийн нөөцтэй хэмээн тогтоогоод Монголын анхны том үйлдвэрийг байгуулах шийдвэр гаргаснаар 15 мянган хүнтэй хот, үйлдвэр байгуулах их ажил эхэлсэн юм. Үйлдвэртэй хамт Галуут нуураас Эрдэнэт хот хүртэлх 407 км цахилгаан дамжуулах шугам, Дархан-Эрдэнэтийн 180 км, авто зам, Салхит-Эрдэнэтийн 168 км төмөр зам, хивсний үйлдвэр, сургууль, цэцэрлэг, эмнэлэг, I, II, III бичил хорооллын орон сууцны байруудыг ЗХУ-ын хөрөнгө, мэргэжилтэй боловсон хүчний туслалцаатайгаар барьсан. Мөн уурхайчдын гэр бүлийнхнийг ажилтай байлгахын тулд хүнсний томоохон үйлдвэр, худалдаа үйлчилгээний төв, соёлын ордон, шинэ хотын оршин суугчдыг хүнсний ногоо, сүүгээр хангах Улаантолгойн сангийн аж ахуй, мах, үр тариагаар хангах Бургалтайн сангийн аж ахуйг байгуулахаа ч мартаагүй. Ийм бүтээн байгуулалт хийхийн тулд Эрдэнэтийн овооноос гадна Хөтөлийн шохой тэргүүтэй таван орд нээж, ашиглалтад оруулсан гэдэг. Улсын нийгэм, эдийн засгийг авч явах манлайлах үйлдвэрийг хэрхэн төлөвлөж, ямар цараатай хөдөлдгийг, бүхнийг нарийн тооцож, цогцоор нь шийднэ гэж юуг хэлдгийг тэгэхэд л монголчууд харсан билээ.
Энэ өрнүүн бүтээн байгуулалт Монголын хөгжлийг бүх талаар урагш нь татсан, үнэхээр гайхамшиг байлаа. “Эрдэнэт үйлдвэр”-ийг өнгөрсөн зууны манлай бүтээн байгуулалт хэмээдэг нь ийм учиртай. XXI зуун гараад 20 шахам жил өнгөрч, техник технологи, дэлхий ертөнц асар хурдтай өөрчлөгдөж буй энэ үед ч Монголд өнгөрсөн зууны их бүтээн байгуулалтыг давсан зүйл хараахан хийгээгүй л байна.
Хүнд үеийг нуруундаа үүрсэн “саалийн үнээ” дэлхийн жишиг үйлдвэр болсон

Үүнээс хойших 40 жилийн хугацаанд “Эрдэнэт үйлдвэр” улс болон орон нутгийн төсөвт 5.4 их наяд төгрөг төлж, 2.2 их наядын цэвэр ашиг олсон гэсэн тоо байна. Улс орны амьдралд ямар ач холбогдолтой үйлдвэртэй болсноо монголчууд хамгийн тод томруун, гүн гүнзгий мэдэрсэн үе нь зах зээлийн нийгэмд шилжсэн эхний жилүүд. Түшиж тулдаг ганц улс маань биднийг гэхтэй манатай болж, гадаад ертөнцтэй хэрхэн харилцахаа мэдэхгүй шахам монголчууд унтаагаараа ус руу шидүүлсэн мэт шокийн байдалтай байхад “Эрдэнэт үйлдвэр”-ийнхэн л гадаадын зах зээлтэй хамгийн анх холбогдож, зэсээ экспортолж байв. Энэ үед “Эрдэнэт үйлдвэр”-ээс гаргасан бүтээгдэхүүн дотоодын нийт бүтээгдэхүүний 40-50, экспортын барааны 70, улсын төсвийн 50 хувийг дангаараа бүрдүүлж байв.
Өнөөдөр Монгол Улсын эдийн засгийн бүтэц өөрчлөгдсөн ч “Эрдэнэт үйлдвэр” том орон зай эзэлж, манлайлсан хэвээр. Эрдэнэтийг нийслэлийн удаа орох том хот болгон өргөжүүлсэн тус үйлдвэр өдгөө Орхон аймгийн төсвийн 90 орчим, улсын төсвийн 10 гаруй хувийг дангаараа бүрдүүлдэг. Зэс, молибдений хүдрийн олборлолт, баяжуулалтаар Ази тивдээ томоохонд тооцогдоод зогсохгүй өрсөлдөх чадвараараа тивдээ нэг, дэлхийд долдугаарт эрэмбэлэгддэг “Эрдэнэт” дэлхийн жишиг үйлдвэр болсон.

Үндэсний мэргэжилтнээ түшиж улс орон хөгжил рүү, ирээдүй рүү алхана

“Эрдэнэт үйлдвэр”-ийн гавьяаг зөвхөн эдийн засаг, мөнгө хөрөнгө талаас нь ярих нь хангалтгүй. Өнгөрсөн 40 жилийн хугацаанд уг үйлдвэрийг түшиглээд Монголд технологи инженерийн бүхэл бүтэн салбар үүссэн. ЗХУ-ын мэргэжилтнүүд, Монголын үндэсний сэхээтний маш том арми бүрдсэн учраас энд эрдэм шинжилгээ, судалгааны ажил эрчимтэй хийж, өнөөдөр бүтээмж, инновацын нэгэн төв болж буй юм.
Энэ үйлдвэрээс гарч буй хамгийн том баялаг бол үндэсний боловсон хүчин. Монгол Улс инженерүүдээ дайчлаад зэс хайлуулах үйлдвэр барья гэхэд “Эрдэнэт үйлдвэр”-ийн инженер техникийн ажилтан, технологичид бэлэн зогсож байна. Бахархмаар, баярламаар биш гэж үү. Үндэсний мэргэжилтнээ түшиж, бий болсон эрдэм шинжилгээний потенциалыг нь ашиглаж байж л улс орон хөгжил рүү, ирээдүй рүү алхана. Хэдхэн жилийн өмнө хүн гуйж, хүнээр заалгаж байсан монголчууд одоо хүний царай харахааргүй болсон. Үндэсний мэргэжилтнүүд үндэсний үйлдвэртэйгээ хамт өсөж, хөгжсөөр ирсэн.

“Эрдэнэт үйлдвэр” Монголын хөгжлийг түүчээлж, гэрэлтсээр байх болно

“Эрдэнэт үйлдвэр” өнөөдөр байгаа талбайнхаа хэмжээнд ажиллахад дахиад 40 гаруй жил ажиллах нөөц, боломж ирээдүй бий гэдэг. Энэ хугацаа дахин цаашлах ч боломжтой гэж геологичид үздэг. Учир нь Эрдэнэтийн районд нийт зургаан илрэл байдгийн нэгийг л олборлож буй. Цаана нь Оюуттолгой, Зөөхийн гол, Цагаан чулуут зэрэг хэтийн төлөв сайтай гэж тодорхойлогдоод, хайгуул судалгааны ажил хийгээгүй илэрц бий. Тиймээс “Эрдэнэт үйлдвэр” ойрын 100 жилдээ л лав Монголын манлайлах үйлдвэр, хөгжлийн түүчээ, эдийн засгийг чирэгч хэвээр байх буй за.
Эрдэнэтийн овооны нөөц 100 жилийн дараа дууслаа гэхэд Монголын хоёр дахь том хот Эрдэнэт яадаг билээ гэж санаа зовох хэрэггүй. Учир нь тэнд машин, байгууламжийн томоохон үйлдвэр үлдэх ирээдүйг салбарынхан олж хараад байгаа. Өнөөдөр “Эрдэнэт үйлдвэр”-ийн Засварын механикийн завод технологийн тоног төхөөрөмжид их, дунд, урсгал засвар хийх, элэгдсэн эд ангийг сэргээн засварлах, тоног төхөөрөмжийг резин болон корундаар хуяглах, металл хийц болон стандартын бус тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл үйлдвэрлэх, цахилгаан тоног төхөөрөмж засварлах, өргөн тээвэрлэх машин механизмд оношлогоо засвар хийх, ган, ширэм, өнгөт металл хайлж эд анги цутгах үндсэн үүрэг гүйцэтгэхийн зэрэгцээ ямар ч үйлдвэрийн өргөтгөл, уул уурхайн тоног төхөөрөмжийг хийгээд явах боловсон хүчний болон тоног төхөөрөмжийн нөөц, чадвартай болсон. Иймээс Эрдэнэт хот Монголын металл боловсруулах үйлдвэрийн үндсэн түшиц газар байсаар, “Эрдэнэт үйлдвэр” Монголын хөгжлийг түүчээлж, мянган жил ч гэрэлтсээр байх болно.

Холбоотой мэдээ