Хөгжлийн банкны 33 тэрбумын зээлийн асуудлаар УИХ-ын гишүүн Г.Амартүвшин, Х.Ганхуяг, Г.Дамдинням нарыг холбон буруутгасаар ирсэн.
Тэгвэл өнөөдөр Хөгжлийн банкнаас 33 тэрбумын зээл авсан гэгдэх “Вертекс майнинг Партнер” компанийн гүйцэтгэх захирал Х.Хашчимэг анх удаа хэвлэлд ам нээж, энэ талаар дэлгэрэнгүй тайлбар мэдээлэл өгчээ.
Олон жил уул уурхайн чиглэлээр тогтвортой үйл ажиллагаа явуулсаар ирсэн тус компанийн хувьд 2019 онд хүсэлтээ гаргаад, 2020 онд зээлээ авсан гэжээ. Иймд Хөгжлийн банкны зээлийн асуудалд хэвлэл мэдээллийнхэн болон олон нийт үнэн бодит мэдээлэл дээр тулгуурлаж бодитой хандахыг хүслээ. Үнэхээр эрх мэдэл, давуу байдлаа ашигласан, зориулалтын бусаар зарцуулсан, барьцаа шаардлага хангаагүй зээлдэгч нарт хуулийн хариуцлага тооцож энэ асуудалд нийтээрээ шүүмжлэлтэй хандах нь зөв. Харин энэ дунд журмын дагуу барьцаагаа хангаад, зориулалтын дагуу үйл ажиллагаагаа явуулах гээд эрмэлзэж байгаа үндэсний үйлдвэрлэгч, экспортлогч болон импортлогч компаниудынхаа урмыг хугалж, хийж бүтээх хүсэл эрмэлзлийг дэвсэлж байгаад харамсаж байгаагаа илэрхийллээ
Өөрийн дүү УИХ-ын гишүүн Х.Ганхуягийнхаа талаар манайхыг зээлээ авах үед тэр хүн УИХ-д байгаагүй, бизнесээ хийгээд л явж байсан. Харин уг зээлэнд нэр холбогддог УИХ-ын гишүүн Г.Дамдиннямын талаар “2018 онд компанийнхаа үйл ажиллагааг өргөжүүлэх зорилгоор уул уурхайн чиглэлээр өндөр хөгжилтэй оронд сайн боловсрол эзэмшсэн цөөхөн боловсон хүчний нэг гэж үзээд компанийн менежментийн багт ажиллах саналыг түүнд тавьсан. Энэ хүрээнд тавьсан саналаа баталгаажуулах зорилгоор компанийн 2 хувийг түүний нэр дээр шилжүүлж байсан. Сайн боловсролтой чадвартай боловсон хүчин олж авна гэдэг монголд маш хэцүү. Харин Дамдинням тухайн үед шууд удирдлагаар ажиллах саналаас татгалзаж харин удирдлагын багт зөвлөх чиглэлээр ажиллахаар тохирсон байсан ч удалгүй УИХ-ын гишүүн болсон тул нэрээ татаж, хувьцаанаасаа татгалзсан. Тэр шилжсэн байсан 2 хувийн хүрээнд ямар нэг ногдол ашиг, цалин олгож байгаагүй. Тус зээлтэй холбоотойгоор УИХ-ийн гишүүн Г.Дамдиннямын нэр холбогдуулж байгаад харамсаж байна. Одоо тэр хүн манай компанид ямар ч хамааралгүй , мөн энэ зээлийн асуудалд ч хамаагүй”
Энэ асуудлаар УИХ-ын гишүүн Х.Ганхуяг “Улаан бал” нэвтрүүлэгт орохдоо УИХ-ын гишүүн Г.Дамдинням “Ам нээвэл” нэвтрүүлэгт орохдоо ч тодорхой хэлж тайлбарлаж байсан боловч олон нийт төдийлэн ойлгож ойшоож хүлээж аваагүй билээ. Өндөр боловсролтой, зориг зүрхтэй шинэ цагийн залуусаа боломж л гарвал шавар шалбаагт хутгаж, гүтгэж худлыг 1000 давтвал үнэн болгодог өөдгүй бохир арга барил улстөрийн тогоонд нэгэнт тогтоод удаж байх шиг. Үнэхээр бизнесээ өргөжүүлж, олон Монголчуудаа ажлын байраар хангаж улс орондоо татвараа төлж яваа МАК, Монполимет мэтийн үндэсний үйлдвэрлэгчдээ анхнаасааа зээлээ төлөх ямар ч бодолгүй авсан улстөрчдийн хармааны бизнесийн ямар ч түүхгүй хулхи компаниудаас ялгах цаг нэгэнт болсон мэт.