Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэгтэй хамтран тэмцэнэ

2018-12-04 917 0

Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-ийн Монгол дахь хөтөлбөрийн газар нь төрийн байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах, боловсон хүчний мэдлэг, чадварыг дээшлүүлэх,  байгаль хамгаалалтай холбоотой хамтарсан сургалт, сурталчилгаа, хяналт, шалгалт хийх зэрэг ажлыг дэмжин ажилладаг. Энэ ажлын хүрээнд Алтай Соёны бүс нутаг дахь Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий, Увс аймагт байгуулагдсан “Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх дэд зөвлөл”-ийн уулзалтыг хамтран зохион байгууллаа.
Уулзалтыг дээрх дөрвөн аймаг тус бүрт зохион байгуулсан бөгөөд ХЗДХЯ, Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын алба, аймгуудын шүүх, прокурор, цагдаа, гааль, мэргэжлийн хяналт, байгаль орчин, аялал жуулчлалын газар, хилийн цэрэг, Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-ийн Монгол дахь хөтөлбөрийн газрын төлөөлөл  оролцов.Уулзалтаар талууд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, түүний гишүүн байгууллагуудын  хамтран хэрэгжүүлсэн ажлын ололт амжилт, тулгарч буй бэрхшээлийн талаар ярилцаж санал солилцлоо. Хууль бус агнуур, зэрлэг амьтны эд эрхтэний хууль бус худалдаатай холбоотой хэргийг илрүүлэх нь амар хялбар ажил биш. Яагаад гэвэл, ийм төрлийн гэмт хэрэг зохион байгуулалтад орсон байдаг. Хууль хүчний байгууллага, иргэд, олон нийтийн хамтын ажиллагааны үр дүнд л энэ аюулыг багасгах боломжтой гэдэгт талууд санал нэгдлээ.

Холбоотой мэдээ