2007 оноос хойш цахим орчинд суурилсан мэдээллийн технлоги, хэвлэл мэдээллийн салбарт үйл ажиллагаа явуулж буй “Том Амжилт” компанийн Ерөнхий захирал Ж.Шижир цахим орчинд хэрхэн ажиллах талаар ерөнхий зөвлөгөөг нам, эвсэл, бие даагчид, сонгогчдод хүргүүлж байна.
Бид 2007 оноос хойшх шат шатны сонгуульд амжилттай ажиллаж, нам эсвэл, нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрийг цахим орчинд үр дүнтэй сурталчилж, сонгогчдод үнэн зөв мэдээллийг хүргэж ажилласан арвин туршлагатай. Монголдоо цахим орчин, олон нийтийн сүлжээнд албан ёсны хамгийн олон хандалттай хуудсуудын хөгжүүлэлтийг хийсэн бодит баазтай компани юм.
Нэг. ЧАДВАРЛАГ БАГ
Юун түрүүнд танд ямар баг хэрэгтэй талаар зөвлөе. Танд контент бэлтгэгчид буюу сэтгүүл зүй, видео урлаг, график дизайны мэргэжлийн баг байх шаардлагатай. Мэдээж хэрэг программ хангамжийн инженер, маркетер болон сошиал орчинд мэргэшсэн мэргэжилтнүүд хэрэгтэй.
Хоёр. БҮГДИЙГ БИШ ЧУХЛЫГ
Өмнөх сонгуулиудад цахим орчин, тэр дундаа олон нийтийн сүлжээнд хамгийн их хандалттай хуудас, группээр сурталчилгааг байршуулах нь үр дүнтэй байсан бол монголчууд хамгийн өргөн ашиглаж буй фэйсбүүк платформ өөрийн дүрэмд өөрчлөлт оруулснаар энэ удаад хамгийн олон эсвэл тухайн тойргийн иргэд рүү чиглэсэн хуудас, группээр сурталчилгаа байршуулаад үр дүнгүй болсон. Харин фэйсбүүкт оруулсан контентыг бүүстлэх буюу төлбөр хийснээр хүссэн хэрэглэгчдэдээ хүргэж, тодорхой үр дүнд хүрдэг болсон.
Гурав. УЛАМЖЛАЛТ БУС ШИНЭЛЭГ КОНТЕНТ
Сурталчилгааны хийц, агуулга эрчимтэй өөрчлөгдлөө. Уламжлалт хийц, арга технологиос илүүтэй тухайн нэр дэвшигчийн сонгогчдод хүргэх гэсэн санааг агуулга, хэлбэрийн хувьд шинэлэг байхаар хийх нь үр дүнтэй болж ирсэн. Сонгогчдын нас, нийгмийн байдал, сэтгэхүйн онцлогт тохируулан богино хэмжээний видео контент цацах, зураг, текстийн харьцааг нарийн тохируулсан, дизайны хувьд шинэлэг, чанартай постерууд оруулах нь өөрийн мөрийн хөтөлбөр, үйл ажиллагааг таниулахад чухал.
Дөрөв. ЗАРДЛЫГ ҮР ДҮНТЭЙ БОЛГОХ ЭСЭХИЙГ ТА ШИЙДНЭ
Тухайн бэлтгэсэн контент, постерийг хаана байршуулахаас хамаарч үр дүн, санхүүгийн хувьд харилцан адилгүй. Тухайлбал, та өөрийн бэлтгэсэн контентыг их хандалттай хуудаснаас спонсорлох буюу сурталчилгааны өртгийг төлж байршуулснаар бага хандалттай хуудаснаас ижил хэмжээний мөнгө төлж байршуулснаас 5-10 дахин их хандалтыг авах боломжтой. Тэгэхээр нэг ижил зардлаар ямар үр дүнд хүрэх вэ гэдэг нь таны сонголт болж байна. Мэдээж төлбөртэй сурталчилгааг хийхдээ хүргэх гэж буй зорилтод хэрэглэгчдийнхээ нас, байршлыг сонгох, хэрэв тухайн тойргийн сонгогчдын и-мэйл хаяг, утасны дугаартай бол энэхүү бүртгэлээр дамжуулан илүү үр дүнтэй явуулах боломжтой.
Тав. ХУУРАМЧ ХАЯГНЫ ДАЙРАЛТ БА ГҮТГЭЛЭГ
Нэгэнт байршуулсан сурталчилгааны пост, контент дээр таныг дэмждэггүй хэсгүүд сөрөг хариу үйлдэл үзүүлж, гүтгэлэгийн шинжтэй комент бичих, утга, агуулгыг гуйвуулах үйл ажиллагааг хийх болно. Тиймээс өөрийн оруулсан контент, постыг тогтмол арчилж, хяналт тавих шаардлагатай.
Эдгээр үйл ажиллагааг хуурамч хаяг буюу троллууд зориудаар хийдэг. Шууд бичлэг болон таны оруулсан пост дээр анхны агуулгыг гуйвуулах, тухайн хүнийг гутаан доромжлох зорилго бүхий эдгээр хуурамч хаягуудыг албан ёсны мэтээр хөгжүүлэх болсноор фэйсбүүк компанийн зүгээс бодит хаягаас ялгаж устгах хүндрэлтэй болсон. Нэгэнт хуурамч хаяг гэдгийг ялгаж устгах боломжгүй учраас өөрийн сошиал компанит ажлыг явуулахдаа хуурамч хаягыг механикаар хянах шаардлагатай.
Зургаа. ДОЛОО ХЭМЖИЖ НЭГ ОГТЛО
Сонгогч та ч аливаа мэдээлэлд шүүлтүүртэй хандах, үнэн худлыг ялгах наад захын мэдлэг, мэдээлэлтэй байх шаардлага тулгарч байна. Албан ёсны хаяг нь өөр дээрээ тэмдэглэгээтэй байхын зэрэгцээ наад зах нь холбоо барих дугаар, хаягтай байдаг. Хуурамч хаягыг бодитоос ялгахын тулд аливаа мэдээлэлд итгэж үнэмшихийн өмнө тухайн хаяг руу орж нягтлах нь зүйтэй.
“Том амжилт” ХХК сонгогчийн боловсролыг нэмэгдүүлэх, нэр дэвшигчдэд өөрсдийн мөрийн хөтөлбөрийг танилцуулахад мэргэжлийн дэмжлэг үзүүлэн ажиллах болно.
Зөв бодлого, зүтгэлтэй хүнийг нам, хүчин харгалзахгүй бид дэмжинэ.