Ж.Шижир: Арван жил зүтгэсэн бидний ажил одоо Монголын боловсролд бүтэн дэвшлийг авчирах гэж байна

2022-02-14 299 0

Цахим зууны хөгжлийг эх орондоо нутагшуулах, тэр дундаа улс орны хөгжлийн суурь болсон боловсролын салбарт шинэчлэл хийж чадсан “Том Амжилт”-ийн Ерөнхий захирал Ж.Шижиртэй ярилцлаа.

“Том амжилт” компани хэд хэдэн охин компанитай. Тэдний нэг болох “Амжилтдотком” ХХК нь боловсролын салбарт үсрэнгүй дэвшил авчирах “Амжилт 2.0 сургалтын цогц систем”-ийг хөгжүүлж, хэрэглээнд нэвтрүүлжээ.

“Амжилт 2.0 сургалтын цогц систем”-ийн санааг хэрхэн олж байв? Магадгүй өмнө нь багшаар ажиллаж байсан нь нөлөөлсөн үү?

Тийм ээ, миний мэргэжил математикын багш. Математикаараа магистрын зэрэг хамгаалсан. Мэргэжлээрээ хэсэг хугацаанд ажиллаж, багшилж байсан юм. Багшилж байх хугацаандаа манай боловсролын салбарт уламжлалаас мэдээллийн технологи/IT/-д суурилсан орчин цагийн системийг нэвтрүүлбэл багш, сурагч, эцэг эх, сургуулийн удирдлага буюу болдого боловсруулж, шийдвэр гаргагч гэсэн дөрвөн талын харилцаа, уялдаа холбоог нягт, шуурхай байхын сацуу төлөвлөж болохуйц, үр дүн өндөртэй болгох, эцсийн дүндээ боловсролын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх боломжтой юм гэдгийг бодож эхэлсэн. Тухайн үедээ төсөөлөл төдий, мөрөөдлийн шинжтэй байсан гэх үү дээ. Гэвч сэтгэлд багтсан, хэрэгжиж болох мөрөөдлийг бодол чигээр нь булшилчихвал би өөртөө гэмших юм шиг санагдсан.

Ингээд багшийн ажлаа хүлээлгэж өгчихөөд 2007 оноос эхлэн IT-гийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг анхны компаниа “Амжилт” нэртэйгээр байгуулж байлаа. Анхандаа бид залуучуудад зориулсан дуу хөгжим, кино, файл татдаг сайт байж байгаад онлайн худалдаа, улс төр, нийгэм эдийн засгийн мэдээтэй болоод портал сайт болтлоо өргөжсөн. Анхны тавьсан зорилго зөвхөн сайтын хэмжээнд байгаагүй учраас өргөжүүлэх, том зорилгодоо хүрэх ажлыг шат дараатай хийсэн дээ. Одоо манай үндсэн компани “Том Амжилт” ХХК дэргэдээ хэвлэл мэдээллийн салбарт “Амжилт контент”, анимэйшн, тэр дундаа үндэсний хүүхэлдэйн киноны салбарт “Амжилт анимэйшн”, худалдааны салбарт “Амжилт шоп”, боловсролын салбарт “Амжилт кибер” ерөнхий боловсролын сургууль, “Индра институт” их сургууль, мэдээллийн технологи, програм хангамжийн салбарт “Амжилтдотком” тус тус үйл ажиллагаа явуулж байна.

Анхлан багшийн хөдөлмөрийг хөнгөвчлөх, сургалтын чанарыг сайжруулахаар эхлүүлж байсан үйл ажиллагаа нэг л мэдэхэд ингээд өргөжчихсөн. Одоо би багшийн ажлаа өгчихөөд хувийн хэвшилд орсондоо баярладаг юм. Яагаад гэхээр энэ бүх үйл ажиллагаа нь миний анхны зорилго болох боловсролын салбарт мэдээллийн технологид суурилсан шинэчлэлийг хийхэд хүрэх арга замууд байсан. Одоо бол тус тусдаа амжилттай ажиллаж нийтдээ 70 гаруй хүнийг ажлын байраар хангасан бизнесийн байгууллага болон өргөжсөн байна. Хамгийн гол нь олон жилийн өмнө бодож байсан болосролын салбарт шинэчлэл хийх мөрөөдөлдөө хүрсэн явдал.

Таны мөрөөдөл одоо бол бодитой, шинэлэг ажил болчихсон байна. Миний мэдэж байгаагаар монголдоо анхдагч томоохон ажил. Хэний ч сэдээгүй энэ ажлыг яг хэзээнээс албан ёсоор эхлүүлж байв?

Энэ зорилгынхоо эхний алхмыг 2010 онд хийх боломж бүрдсэн.

Тухайн үед боловсролын салбарт шинэчлэл хийнэ гээд багшийнхаа өнцгөөр харчихсан байсан тул www.bagsh.mn гэсэн нэрээр үйл ажиллагаагаа эхлүүлж байлаа. Гэвч энэ нь өөрөө учир дутагдалтай байсан л даа. Яагаад гэхээр боловсрол гэдэг дан ганц багийн хөдөлмөрөөс бүрдэхгүй. Өмнө хэлсэнчлэн сурагч, эцэг эх, багш, сургуулийн захиргааны хамтын хөдөлмөр, оновчтой үйл ажиллагаа, түүний үр дүнгээр хэмжигдэх асуудал. Эцсийн үр дүн нь амжилттай байж сая боловсролын салбарт дэвшил гарлаа, түвшин ахилаа гэж үзэх учраас www.amjilt.com нэр өөрөө зохицох юм байна гээд энэ нэрээр системээ хөгжүүлэх шийдвэрийг гаргасан.

Өөр нэг шалтгаан нь “mn” өргөтгөл дотоодод хүлээн зөвшөөрөгдөнө. Харин “com” өргөтгөл нь олон улсад хүлээн зөвшөөрөгддөг. Манай компанийн зорилго олон улсад гарах учраас тал бүрийн тохироо бүрдлээ гэдэг шиг юм болж 2010 оноос хойш арван жил ажилласан байна.

Одоогоос арван жилийн өмнө интернэтийн хэрэглээ хүн бүрийн гэр орон, гар утсанд хүрээгүй байсан. Тэр үед энэ ажлыг хийхээр зориглоно гэхээр их алсыг харсан шийдвэр болов уу?

Үнэхээр интернэтийн хэрэглээ түгээмэл дэлгэрээгүй байсан. Хүмүүс интернэтэд орохын тулд интернэт төвөөр үйлчлүүлдэг. Компьютерийн ард суухдаа мэйл нээх, ганц нэг сайтаар орох хэмжээний мэдлэгтэй байсан. Ухаалаг утасгүй. Хөдөө орон нутаг, алслагдмал бүс нутгийн тухай яриад ч хэрэггүй. Нийгэм даяараа интернэтийн хязгаарлагдмал хэрэглээ, ойлголттой, мэдээллийн технологийн талаар мэдлэггүй байсан учраас энэ чиглэлийн мэргэжилтэн ч бараг байхгүй байсан гэж хэлж болно.

Тиймээс хамгийн эхэнд хүний нөөцөө бэлтгэх шаардлага бий болсон. Би өөрөө ч туршлага нимгэн байсан. Алдаа дутагдал нэлээд гаргасан. Гэхдээ ирээдүй гэдэг бол интернэт, цахим орчин гэдгийг ойлгож, харж байсан болохоор няцаагүй. Тэр тусмаа хамгийн өртөг өндөртэй боловсролын салбарын үргүй зардлыг бууруулах, үр дүнг нэмэгдүүлэх хэрэгцээ цаг ямагт өсөн нэмэгдэх нь ойлгомжтой байсан.

Няцах, шантрах бол бизнес эрхлэгч, шинийг санаачлагчдын өмнө байнга тулгардаг зүйл. Тэр тусмаа арван жилийн өмнөх мэдээллийн технологид суурилсан боловсролын систем хийх санаа хүмүүсийн толгойд төсөөлөгдөхгүй шүү дээ?

Үнэхээр тийм. Програм хангамжийн салбар өөрөө нарийн төвөгтэй, ур чадвар, мэдлэг шаардсан ажил байдаг. Уламжлалт бизнесүүд хүчтэй явж байсан цаг үед миний санааг дэмжих нь бүү хэл ойлгох хүмүүс ховор байсан. Хөрөнгө оруулалт татах тухай яриад ч хэрэггүй. Тиймээс бид үйл ажиллагаагаа мэдээллийн сайтаас эхлээд олон салбарт хөгжүүлэх шаардлагатай болсон юм. Ингэж бусад үйл ажиллагаанаас олсон ашгаа IT чиглэлээр хүмүүсээ сургах, програмаа сайжруулах үйл ажиллагаанд оруулах замаар хөгжүүлэлтээ хийж ирсэн. Одоо та бид хоёрын ярьж буй Амжилт 2.0 системийн хөгжүүлэлт, үйл ажиллагаанаас үндсэндээ арван жилийн турш ямар ч ашиг олоогүй. Гэвч алсдаа монголын боловсролын салбарт маш том шинэчлэл авчирна гэсэн итгэл үнэмшил байсан учраас тэр бүх бэрхшээлийг тоолгүй олсоноо оруулаад өнөөдрийг хүрсэн. Энэ жилээс үр өгөөжөө өгч эхэлж байна.

Танай компанийн програмистууд хэрхэн ажилладаг вэ?

Товчхондоо бид системтэйгээ хамт өөрсдөө хөгжиж, нягтарч ирсэн хамт олон. Эхэн үедээ програм хангамжид дур сонирхолтой залуус, оюутнуудтай ажиллаж байсан үе бий. Хүний нөөц тасалдах, хөрөнгө санхүүгийн хувьд гацах зэргээс болж дундаа зургаан сар хүртэл хугацаанд үйл ажиллагаа цалгардуулж байсан тохиолдол ч бий. Ямар ч байсан тэр бүгдийг даваад өнөөдөр 10 гаруй програмистууд гар нийлэн ажиллаж байна. Миний ажилдаа баримталдаг нэг зарчим бол хүнийг нь харж ажилд аваад ур чадварыг эзэмшүүлэх явдал. Тэгж чадвал урт хугацаандаа компани өсөлттэй хөгжихийн зэрэгцээ итгэл дээр тогтдог бизнесийн үйл ажиллагаа амжилттай явах үндэс бүрэлддэг.

Манай анхны ажилтнуудын нэг Нандин-Эрдэнэ одоо систем хөгжүүлэлтийн ажлыг хариуцан удардаж ажилладаг. Анх гуравдугаар курсын оюутан дадлагаар ирж байсан бол одоо арав гаруй мэргэжилтнийг удирддаг охин компанийн захирал болтлоо өссөн. Мэргэжилтнүүдийн хувьд монгол болон энэтхэг програмистууд байдаг. Хоёр улсын мэргэжилнүүд харилцан ойлголцож ажиллах шаардлагатай учраас бүгд англи хэлтэй. Програмыг програм дээр бичдэг. Энэ утгаараа бид өөрсдийн тусгай програмыг ажилдаа ашигладаг.

Нөгөө талаар энэ ажил өөрөө цаг хугацаа их шаарддаг, ажиллах орчин нөхцлийг онцгой бүрдүүлэх хэрэгцээг үүсгэдэг учраас бид орон сууцны олон өрөө байранд үйл ажиллагаа явуулдаг. Гэр бүлтэй ажилчид оройдоо гэр рүүгээ явдаг бол ганц бие залуус маань тэндээ амардаг. Нэг үгээр хэлбэл ажлын байр нь амьдрах орчин нь болдог гэсэн үг.

Та боловсролын салбарт өөрөө багшилж байсан бол одоо танай хоёр ч компани энэ салбарт үйл ажиллагаа явуулдаг юм байна. Энэ салбарын өнөөгийн бэрхшээл нь юу вэ?

Орчин үеийн боловсролын системээр олгож буй мэдлэг, арга барилыг ажил олгогч, судлаачид шууд утгаар нь чанаргүй гэж дүгнэдэг. Ажил олгогчид их, дээд сургууль төгсөгчдийг ажилд авсныхаа дараа ахиад сургах шаардлагатай нүүр тулж байна. Нөгөө талдаа төгсөгчид ажил олдохгүй гэх шалтгаанаар мэргэжлийн бус ажил эрхлэх нь энгийн үзэгдэл боллоо. Жилд дундажаар 30 мянган оюутан их, дээд сургуулийг төгсдөг гэсэн статистик байдаг. Тэдний дөнгөж 30-40 хувь нь мэргэжлийнхээ ажилд тэнцэж, ордог. Ингээд харахаар Монгол Улс жил болгон хэдэн мянгаар нь дипломатай “хар ажилчин” бэлтгээд байна. Харин нөгөө талд эцэг, эхчүүд асар их мөнгийг сургалтын төлбөрт зарцуулаад үр шимээ хүртдэггүй. Энэ бол манай улсын хувьд маш том эмгэнэл. Үндэсний баялаг болсон залуучууд оюуны чадавхгүйгээсээ биш буруу системээс болж үнэ цэнэ багатай иргэн болж нийгэмд гарч байна.

Манай улс боловсролын салбарт маш олон өөрчлөлт шинэчлэлтийг хийсэн. Томоохон хөтөлбөрүүдийг ерөнхий боловсролдоо нэвтрүүллээ. Цөм хөтөлбөр, Кембриджийн хөтөлбөр гээд нэрлэж болно. Мэдээж эдгээр хөтөлбөрийг эрдэмтэй, чадалтай хүмүүс боловсруулж, дэлхий дахинд хэрэглээд хүнээ хөгжүүлж чадсан туршлагууд байгаа учраас муу хөтөлбөр биш гэдэг нь ойлгомжтой. Гагцхүү түүнийг хэрэгжүүлж, хөрсөнд буулгаж, хүндээ хүргэх систем нь буруу учраас манай боловсрол тааруу үнэлгээ авчихаад байна.

Систем гэдэгт юуг хамруулж ойлгох вэ?

Өнөөдрийг хүртэл манай боловсролын байгууллагууд бичиг, цааснаасаа салаагүй. Хүүхдийн дэвтэр, сурах бичиг, явцын үнэлгээ, ирцийн бүртгэл, тайлан төлөвлөгөө, тарааж өгөх материал гээд бүгд цаас. Жил болгон сурах бичгийн хүрэлцээгүйгээс хүүхдүүд ангидаа ч тэр, гэртээ ч тэр хичээлдээ төвлөрөх бололцоогүй хэвээр байна. Улсын сургуулийн анги дүүргэлт стандартаас давчихсан. Багш хүүхэд нэг бүрт хүрэх, нэг бүрчлэн үнэлэлт өгч, хоцрогдол арилгах хүндрэлтэй. Сургуулийн удирдлагууд багш нарын хичээл заах арга барил, түүний үр дүнг нэгтгэж, зөв төлөвлөлт хийхэд бэрхшээлтэй. Эцэг эхчүүд цаг зав багатай болсноос хүүхдийнхээ хичээлийн явц, үнэлгээг тэр бүр хянаад байдаггүй.

Хөтөлбөр нь шинэчлэгддэг ч хэрэгжүүлэх арга, механиз нь хуучнаараа. Эцсийн дүндээ салбарынхаа алдаа ба оноог нэгтгэн дүгнэж, том зургаар харах хүндрэлтэй хэвээрээ. Үүнийг л залруулах шаардлага гарч ирсэн хэрэг.

Тэр алдааг залруулах боломж нь сайн програмчлал буюу Амжилт 2.0 сургалтын цогц систем гэж ойлгож болох уу? Тийм бололцоог танай систем олгож чадах уу?

Бидний хийсэн Амжилт 2.0 сургалтын цогц систем энэ бүх механик ажил, асар их бичиг цаасыг бүгдийг автоматжуулсан.

Хэмжиж чадахгүй бол удирдаж чадахгүй. Харин бидний зохиосон платформ хэмжих боломжийг олгосон. Сургууль сургалтын чанар, багш, сурагчдын амжилт ба алдааг том зургаар нь хардаг болсон. Эцэг эх хүүхдийнхээ сурлага, багшийн ур чадварыг, багш нар сурагч нэг бүрийн идэвх, мэдлэгийг ямар түвшинд эзэмшиж байгаа зэргийг шат шатандаа хэмждэг болсон. Ингэснээр үндсэндээ боловсрол эзэмших үйл явцад оролцож буй талууд бүгд хэмжиж, төлөвлөх, удирдан чиглүүлэх боломжтой болсон гэсэн үг юм.

Уг платформ хүүхэд нэг бүрийн сургалтын явцыг нэгтгэн дүгнэх, хоцрогдлыг сануулах, ололтыг урамшуулахаар бүтээгдсэн тул хүүхдийн суралцах урам зоригийг нэмэгдүүлж өгдөг. Мөн хүүхэд бүрийн сурах арга барил, шинэ мэдлэг хүлээж авах чадвар харилцан адилгүй байдаг тул удаан ойлгоцтой сурагч тухайн хичээлийг хэдэн ч удаа давтан судлах, сургалтын өөр арга хувилбараар дахин нягтлах боломж нээлттэй.

Эцэг эхчүүд хүүхдийнхээ сурлагын явц, хоцрогдол, амжилтыг хэзээ ч, хаанаас ч хянах боломжтой. Үүний зэрэгцээ хичээл зааж буй багшийн заах арга, үр дүн, хүүхэдтэй хэрхэн ажиллаж байгаа, сургуулийн зүгээс ямар үйл ажиллагаа зохион байгуулах гэж байгаа талаар тогтмол мэдээлэл авч, идэвхтэй оролцоогоо нэмэгдүүлж болдог.

Багш нар бичиг цаасны их ажлаасаа ангижрана. Сурах бичгийн үргүй зардал, хүрэлцээгүй байдал арилна. Сурах бичгээс гадна нэмэлт агуулгаар баяжуулсан олон төрлийн сургалтын контентыг хүүхдүүдэд өгөх боломж хязгааргүй. Багшийн дэвтэр засах, тайлан гаргах, төлөвлөгөө боловсруулах, гарын авлага бэлтгэх, үзүүлэн хийх зэрэг механик ажлууд манай системд шилжсэнээр ажлын ачаалал хоёр дахин буурч, энэ нь эргээд тухайн багшийн бүтээмж, сургалтын чанарыг хоёр дахин нэмэгдүүлэх боломжийг олгоно.

Сургуулийн захиргаа багш, сурагчдын мэдээлэл, заах болон суралцах үйл явцыг тодорхой шалгуураар үнэлж, дүн шинжилгээ хийх асуудлыг нэг дор хиймэл оюун ухаанаар эрэмбэлж, алдаагүй нэгтгэсэн мэдээллийн нэгдсэн сантай болно. Эндээс сургуулийнхаа боловсрол олгож буй чанар, түүнд гарч буй доголдлыг хурдан, хялбар оношилж чадна. Хамгийн бодитой, үр дүнтэй дүн шинжилгээ, төвөлөлт хийх боломжийг олж авна.

Та бүхэнд Амжилт 2.0 сургалтын цогц систем энэ жилээс эхний ашгаа өгч эхэлсэн гэж та ярьсан. Хичнээн байгууллагад нэвтрүүлээд байна вэ?

Хувийн арав орчим сургууль, зарим сургалтын төв, компаниуд манай үйлчилгээг авч үйл ажиллагаандаа ашиглаж байна.

Төрд маш хэрэгтэй систем санагдаж байна. Ер нь төрийн өмчийн боловсролын байгууллагуудад нэвтрүүлэх талаар ярилцаж байсан уу?

Төр буюу Боловсролын яамтай өөрсдийн системийн талаар санал солилцож байсан. Гэвч яг тодорхой хариу бидэнд өгөөгүй, бүрхэг өнгөрсөн. Мэдээж хэрэг хувийн суруулиуд эхнээсээ манай системийг ашиглаж үйл ажиллагаанд бодитой өөрчлөлт гараад эхлэнгүүт зарим төрийн өмчийн сургуулиуд авч хэрэглэх хүсэлт ирүүлсэн ч тохиролцоонд хүрэх боломжгүй юм билээ. Шалтгаан нь төлбөрийн асуудал.

Манай системийг нэгж хэрэглэгч жилийн турш ашиглах төлбөр нь 20 мянган төгрөг байдаг.

Бид бизнесийн байгууллага. Үнэгүй ашиглуулах ямар ч боломжгүй. Өмнө хэлсэнчлэн арван жилийн турш нэг ч төгрөгийн ашиггүй, дандаа зарлага гаргаж энэ системийг хөгжүүлж ирлээ. Серверт тогтмол мөнгө төлж байна. Програмистуудад өндөр дүнтэй цалин олгоно. Гэсэн ч бид үнийг тогтоохдоо ашиг олохоосоо илүү ядаж алдагдлаа нөхөх хэмжээнд барьж хамгийн доод үнийг хэрэглэгчдэд санал болгож байна.

Уг нь практикт туршигдаад үр дүнгээ өгч байгаа энэхүү системийг төр бүхий л шатны боловсролын байгууллагад нэвтрүүлчихвэл “Том амжилт” ХХК гэхээсээ илүү Монгол Улсын ирээдүйн хөгжилд маш чухал юм.

Шинэ үеийнхний сэтгэлгээ, хэрэглээ, сурах арга барил эрс өөрчлөгдсөн. Боловсролын сайд цар тахлын үед сурагчдын хичээлийг CD дээр хувилж тараах асуудлыг яриад сурагчдынхаа доог тохуу болж байгаагаас үүнийг хялбархан харж болно. Үүгээр юу хэлэх гээд байна гэхээр хүүхдүүд чинь хөгжөөд хэрэглээ ба хэлбэрийн хувьд өөрчлөгдчихсөн байхад төр маань тэртээ хуучин нийгмийн сэтгэлгээтэй хэвээр байгааг сануулах гэсэн юм.

Цаг нь ирэхээр энэ асуудал аяндаа сөхөгдөх биз дээ. Бид бол төртэй хамтрая гэж яарахгүй байна.

Хөгжүүлэлтийн ажлыг тогтмол хийж байж нийгэм, цаг үеийнхээ хэрэгцээ шаардлагыг хангана. Цаашид Амжилт 2.0 систем хэрэглэгчдэд ямар давуу байдлыг санал болгох вэ?

Бид таблет дээр ажиллаж байна. Энэхүү таблетын гол онцлог нь багш сурагчид орон зай, цаг хугацаанаас үл хамаарч хичээл сургалтаа видео хэлбэрээр явуулах боломжийг олгох юм.Фэйсбүүк зэрэг видео дуудлага хийдэг платформоос ялгаатай нь манайх яг сургалтын үйл ажиллагааг чанартай, ойлгомжтой явуулж болохоор шийдсэнээрээ онцлог. Өөрөөр хэлбэл хэдийгээр цахимаар холбогдож байгаа ч багш таблет дээр тухайн сэдвийн хүрээнд зурж, бичиж ажиллах бөгөөд түүнийг сурагчид нэг бүрчлэн хараад өөрийн таблет дээр тэмдэглэгээ хийх юм. Хүүхдийн хийсэн тэмдэглэгээ буюу хичээлийг багш хүүхэд нэг бүрээр хянаж, хоёр талаас засах, зөвлөх, шалгах процессыг хийгээд явдагаараа давуу талтай. Сурагчид өвчтэй, чөлөөтэй үедээ, ангийн хамгийн ард суудгаас болж, эсвэл номгүйгээс хичээл хоцрогддог цаг ард үлдэж байгаа хэрэг.

Холбоотой мэдээ