АНУ дахин хөл хорионы дэглэмд шилжихгүйг ерөнхийлөгч Жо Байден амлав

2021-11-30 395 0

Цагаан ордонд сэтгүүлчидтэй уулзахдаа АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден коронавирусийн шинэ хувилбар Омикроноос айж цочирдохгүй байхыг иргэддээ зөвлөжээ.

“Шинэ хувилбар бол санаа зовоох шалтгаан мөн. Гэхдээ цочролд орох шалтгаан биш” гэж хэлсэн Байден айж мэгдэхийн оронд вакцинжуулалтад хамрагдахыг иргэддээ уриалсан байна.

Байдены засаг захиргаа Омикрон хувилбарт зориулж шинэ төрлийн вакцин гаргах шаардлагатай гэдэгт ч эргэлзэж байгаа гэнэ. Гэхдээ нөөц төлөвлөгөөтэй байх үүднээс Pfizer, Moderna зэрэг үйлдвэрлэгчидтэй хамтран ажиллаж эхэлснээ мэдэгджээ.

Энэ өвөл цар тахалтай хэрхэн тэмцэх шинэ стратегийг Пүрэв гарагт зарлах гэж байгаагаа хэлсэн Байден ямар ч тохиолдол АНУ-д дахин хөл хорионы дэглэм тогтоохгүйг амласан юм.

Омикрон хувилбараар өвчилсөн тохиолдлууд одоогоор дэлхийн арав гаруй оронд илрээд байгаа. Харин АНУ-д одоогоор илрээгүй байна.

Баасан гарагт АНУ-ын засаг захиргаа Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсаас гадна тухайн бүс нутгийн долоон улсын чиглэлд агаарын тээврийн хязгаарлалт тогтоож байгаагаа зарласан юм. Уг хязгаарлалт Даваа гарагаас үйлчилж эхлээд байна.

Холбоотой мэдээ