Албан бусаар найман их наяд төгрөг койны хүрээнд эргэлдэж байна

2021-11-15 43 0

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан өнөөдөр болж, хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл хийлээ.

АН-ын бүлгийн дарга Д.Ганбат “Бүлгийн хурлаар хоёр асуудал хэлэлцлээ. Жолоочийн даатгалын тухай, Жагсаал цуглаан хийх журмын тухай хуулиар хүний эрхийн сонсгол явуулах талаар хэлэлцсэн.

АН-ын бүлэг мөнгөний бодлого дээр тодорхой байр сууриа илэрхийлж, төсвийн талаар дүгнэлт хийсэн. Мөнгөний бодлогын хувьд койны асуудлыг ярьсан. Тухайлбал өнөөдрийн байдлаар хоёр их наяд, албан бусаар найман их наяд төгрөг койны хүрээнд эргэлдэж байна. Хариуцлага хүлээхгүй гэж ярихаас илүүтэй хуулиа хурдан батлах хэрэгтэй.

Манай улс нэг сая орчим жолоочтой. 631 мянган хүн Даатгалын хуульд хамрагддаг. Хувийн хэвшлийн 17 компани даатгалын салбарт ажиллаж байгаа ч шаардлагад нийцэхгүй байна. Хууль эрх зүйн орчныг сайжруулах ёстой. Засгийн газар хувийн хэвшлийг дэмжиж байгаа үгүй нь ойлгомжгүй байна.

Үндсэн хуульд иргэд тайвнаар үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй талаар заасан байдаг. Жагсаал цуглааны тухай хууль 1994 онд батлагдсанаас хойш таван удаа өөрчлөлт орсон. Энэ хуульд орсон өөрчлөлт нь Үндсэн хууль, Монгол Улсын нэгдэн орсон гэрээ, эрх зүйтэй нийцэхгүй байна” гэлээ.

АН-ын бүлгийн дэд дарга Н.Ганибал “Даатгалын асуудал нийгэмд буруу яваад эхэлчихлээ. Нэг талд нь жолооч нарын нөгөө талд нь даатгалын компаниудын эрх ашиг байгаа мэт асуудлыг эхлүүлсэн. Мэдээж хууль санаачлагч нар хуулиа өргөн барихаас эхлээд сошиалд зохион байгуулалттай ажил эхлүүлсэн.

Ардчилсан намын байр суурь бол Монгол Улсад банк, хөрөнгийн зах зээл, даатгалын систем хамгийн сайн хөгжих ёстой гэж үзэж байна. Даатгалын систем нь хүн бүрийн хөрөнгийг хамгаалах үүрэгтэй. Албан журмын даатгалын хууль 2011 онд батлагдсан. Албан журмын байдлаар явж байгаад жолооч бүр сайн дураараа даатгалаа төлдөг, хүсэл эрмэлзэлтэй болгох хууль.

Хүмүүс сайн дураараа арилжаанд орох асуудлыг АН дэмжинэ. Даатгалын сан ямар нэгэн эрсдэлийг давах чадвартай юу үгүй юу гэдэг нь чухал асуудал болоод байна. Цаг хугацаа нь болоогүй үед хуулийг өөрчлөх гээд байна гэж харж байгаа. Даатгалын үйл ажиллагаа хөл дээрээ босох нь нийгмийн хамгийн том эрх ашиг байх ёстой” гэв.

Холбоотой мэдээ