Петровис шатахууны үнэ өсгөх, зохиомол хомсдол үүсгэхгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдье

2021-09-21 500 0

Петровис групп нь ОХУ-ын нефть боловсруулах үйлдвэрүүдээс шатахуун нийлүүлдэг. Сүүлийн хоёр жил Ковид19-ын вакцинжуулалттай холбоотойгоор Петровис компани нийгмийн хариуцлагаа ухамсарлаж шатахууны үнэ өсгөхгүй алдагдалтай үнээр хэрэглэгчиддээ хүргэсээр ирсэн билээ.
2021 оны VIII сарас эхлэн хоёр сарын хугацаанд шатахуун нийлүүлэгч ОХУ-ын талаас үйлдвэрийн урсгал засвар хийж, засвар нь удааширсантай холбоотой захиалсан шатахууныг төлөвлөсөн ёсоор нийлүүлээгүй. Үүнтэй холбоотойгоор бид бүхэн ОХУ-ын нефть боловсруулах үйлдвэрээс шатахуун худалдан авалтын захиалгынхаа талаас бага хувийг хилээр оруулж ирээд байгаа юм. ОХУ-ын нефть боловсруулах үйлдвэрүүдээс ирэх аравдугаар сард үйл ажиллагаа хэвийн болж захиалгаа нийлүүлж эхлэхээ мэдэгдсэн. Мөн шинэ гарц эрэлхийлж БНХАУ-ын үйлдвэрүүдээс шатахуун захиалсан боловч төмөр замын ачаа тээврийн зохицуулалтаас болоод нийлүүлэлт маш их удаашралтай байна. Эдгээр хүндрэлүүдийг даван туулахад Засгийн Газрын зүгээс хурдтай хамтран ажиллахыг дэмжиж ажиллахад бэлэн байна.
Тиймээс бид бүхэн одоо байгаа шатахууны цөөн хоногийн нөөцөө хүртээмжтэй хүргэх, үндэсний аюулгүй байдал, нийгмийн хариуцлагаа ухамсарлаж үйл ажиллагаа нь тасалдаж болохгүй Онцгой байдлын алба, Цагдаагийн алба нэгжүүд, Эмнэлэг, Түргэн тусламж, Хил хамгаалах ерөнхий газар, Эрчим хүч, Тагнуул, Шүүх, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагууд, Харилцаа холбоо, Шуудангийн үйлчилгээний байгууллагуудад дугаар, хязгаарлалт харгалзахгүй үйлчилэх болно. Петровис группийг сонгон үйлчлүүлдэг эрхэм харилцагч байгууллагуудад урт хугацааны гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, тодорхой хязгаарлалтайгаар үйлчилж байна. Хязгаарлалт үүсэж, хэрэглэгчдийн бухимдал үүссэнтэй холбоотойгоор салбарын түгээгч нартай бүдүүлэг харилцах, дарамтлах, машинаар шүргэх явдал гарсанд бид гүнээ харамсаж, 2000 гаруй ажилтныхаа эрүүл мэнд, аюулгүй байдалд санаа зовниж байна.
Петровис компанийн зүгээс шатахууны нөөцтэй холбоотой дээрх зохицуулалтыг хийж байгаа бөгөөд ямар нэгэн байдлаар шатахууны үнэ өсгөх, зохиомол хомсдол үүсгэхгүй байгаа гэдгийг хариуцлагатайгаар албан ёсоор мэдэгдье.

Холбоотой мэдээ