Шим тэжээлтэй хоол хүнсэнд зарцуулсан 1 ам.доллар нь 16 ам.долларын өгөөж өгдөг байна

2018-12-04 757 0

НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (ХХААБ), НҮБ-ын Хүүхдийн сан (НҮБХС), Дэлхийн хүнсний хөтөлбөр (ДХХ), Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ) хамтран гаргасан “Ази, Номхон далайн бүсийн шим тэжээл, хүнсний баталгаат байдлын төлөв 2018”  тайланг энэ оны 11-р сарын 2-нд гаргаж, энэ сарын 27-нд олон нийтэд танилцууллаа. Тайлангийн хуралд НҮБ-ын Суурин зохицуулагч Биате Транкманн, НҮБ-ын ХХААБ-ын суурин төлөөлөгч Винод Ахужа нарын хүмүүс оролцож үг хэлэн, “Хот суурин газрын шим тэжээлийн дутал” сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлсэн юм. Ингээд тайланд онцолсон зарим агуулгыг хүргэж байна.

Энэхүү тайланд 2030 он гэхэд шим тэжээлийн дутагдлын бүх хэлбэрийг арилгах Тогтвортой Хөгжлийн Зорилгод (ТХЗ2) хүрэхэд Ази, Номхон далайн бүсийн хэмжээнд тулгараад буй бэрхшээлүүдийг онцлон тусгасан байна.

Шим тэжээлийн дуталд орсон хагас тэрбум орчим (486 сая) хүн Ази, Номхон далайн бүс нутагт амьдарч байна. Дэлхий дахинд өлсгөлөнд нэрвэгсдийн тоо өсөж, 10 жилийн өмнөх түвшинд эргэн очсоныг сүүлийн үеийн тоо баримтууд харуулж байгаа бол тус тайланд Ази, Номхон далайн бүсэд шим тэжээлийн дутал, өлсгөлөнд нэрвэгдсэн хүмүүсийн тоо өссөний улмаас үүний эсрэг хэрэгжүүлж буй арга хэмжээнүүд зогсонги байдалд орсон талаар дурджээ.

Шим тэжээлийн дуталд өртсөн нийт хүүхдийн тэн хагасаас илүү нь Ази, Номхон далайн бүс нутагт амьдарч байна. Шим тэжээлийн дутал нь цаашлаад архаг дутлаас жингийн илүүдэл, таргалалт үүсгэх эрсдэлтэй, бүх насны хүнд хамааралтай асуудал бөгөөд тэр дундаа хүүхдэд хүндээр тусдаг. Өсөлтийн хоцрогдолтой 79 сая буюу 5-аас доош насны дөрвөн хүүхэд тутмын нэг, тураалтай 34 сая, шим тэжээлийн архаг дутлаас болж, нас барах эрсдэлд орсон 12 сая хүүхдүүд энэ бүс нутагт амьдарч байна. Сүүлийн 10 жилийн хугацаанд хүүхдийн өсөлт хоцролтыг багасгахад ихээхэн ахиц дэвшил гарсан хэдий ч тураалыг бууруулуухад дорвитой дэвшил гарсангүй.

Шим тэжээлийн дутал, сэтгэн бодох хөгжил хоорондоо хамааралтай тул шим тэжээлийн дутлын олон хэлбэр нь хүний нөөцийн асар их хохиролд хүргэдэг. Ийнхүү хувь хүний чадамж алдагдсанаар улс орны эдийн засгийн хөгжилд сөргөөр нөлөөлдөг байна. Зардал-өгөөжийн харьцааг тооцож үзэхэд шим тэжээлийн байдлыг сайжруулах аливаа үйл ажиллагаанд зарцуулсан 1 ам.доллар 16 ам.долларын өгөөж өгч байгааг энэхүү тайланд дурджээ.

Ази, Номхон далайн бүс нутагт цаг агаартай холбоотой гамшгийн тохиолдлууд нэмэгдсээр байна. Байгалийн гамшиг нь хүнсний үйлдвэрлэлийг бууруулаад зогсохгүй хүнсний нэмүү өртгийн сүлжээг доголдуулж, хүн амын амьжиргаа, хөдөө аж ахуй болон эдийн засагт хор хохирол учруулан, шим тэжээл, хүнсний баталгаат байдалд нөлөөлдөг.

НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын тооцоолсноор Ази тив 2005-2015 оны хооронд 48 тэрбум ам.долларын хохирол амссан байна. Цаг ууртай холбоотой аливаа тохиолдлыг даван туулах, үүсч болзошгүй гарз хохирлыг багасгах чадавхтай болоход улс орнууд хөдөө аж ахуйн салбарынхаа хөгжлийг шинэчлэн өөрчлөх шаардлагатай байна.

Хүүхдүүд шим тэжээлийн дуталд өртөх бас нэг гол шалтгаан нь аюулгүй хүнс, усан хангамж, ариун цэвэр, эрүүл ахуйн байгууламжийн хүртээмж муу байдагтай холбоотой.

Түүнчлэн бүс нутгийн хэмжээнд хүүхэд болон насанд хүрэгчдийн дунд таргалалт нэмэгдэж буй гаж бөгөөд бодит байдлыг энэхүү тайланд онцолжээ. Одоогийн байдлаар Ази, Номхон далайн бүс нутаг хүүхдийн таргалалт хамгийн ихээр өсөж буй бүс болоод байна. Тав хүртэлх насны 14.5 сая хүүхэд илүүдэл жинтэй байгаа бөгөөд бүс нутгийн хэмжээнд давс, сахар, өөх тос ихтэй боловч зайлшгүй шаардлагатай шим тэжээлийн агууламж бага, хямд үнэтэй, эрүүл бус, боловсруулсан хүнсний хэрэглээ хүүхдүүдийн дунд их байна.

Орон нутгаас хот суурин газар руу шилжих хөдөлгөөн хурдтай үргэлжилж, энэ нь амьжиргааны түвшин доогуур айл өрхүүдийг ихээр хамаарч байгаагаас олон орныг хот суурин газрын шим тэжээлийн дутал гэх хүндрэлтэй асуудалтай нүүр тулахад хүргэж байна. Одоогийн хотжилтын хурдыг харгалзан үзвэл, 2030 он гэхэд Ази тивийн нийт хүн амын 55 гаруй хувь нь хот, суурин газарт амьдрах болно гэж тооцоолжээ. Хотжилт нь эдийн засгийн олон боломжийг авчрах хэдий ч ихэнхдээ эдийн засгийн өсөлтийн тэнцвэргүй байдалд хүргэдэг тул хүүхэд, насанд хүрэгчдийн дунд хурдацтай таргалалт, шим тэжээлийн дутал тогтмол өсөх хандлагатай байгаа юм.

 

 

 

 

Монголын хоол тэжээлийн үндэсний IV, V судалгаанаас харахад,

  • Ядуурлын түвшин 29.6 хувь (ДНБ-ны тооцоо)
  • 5 хүртэлх насны хүүхдийн 90 хувь, жирэмсэн эмэгтэйчүүдийн 95 хувь, эрэгтэйчүүдийн 82 хувь Д аминдэмийн дуталтай байна. Түүнчлэн нийт бүс нутаг, нийгэм эдийн засгийн бүх бүлгийн хүмүүс Д аминдэмийн дуталтай байна.
  • А аминдэмийн дуталтай болон нөөц багатай хүүхдийн үзүүлэлт нийт бүс нутагт нэмэгдэх хандлагатай.
  • 2-59 сартай хүүхдийн 27 хувь, жирэмсэн эмэгтэйчүүдийн 21 хувь цус багадалттай, 6-59 сартай хүүхдийн 21 хувь, жирэмсэн эмэгтэйчүүдийн 30 хувь төмөр дуталтай.
  • Илүүдэл жинтэй хүмүүсийн тархалт бүх бүс нутаг жигд өндөр хувьтай, эмэгтэйчүүдийн 46 хувь, эрэгтэйчүүдийн 49 хувь илүүдэл жинтэй байна.
  • Сургуулийн насны хүүхдүүдийн дунд таргалалт маш эрчимтэй өссөн байна. 2010 онд хийсэн Хоол тэжээлийн үндэсний IV судалгаанаас харахад тухайн үед хүүхдийн таргалалт 4.3 хувь байсан бол 2017 оны Хоол тэжээлийн үндэсний V судалгааны үзүүлэлтээр 28.6 хувь болж эрс өсчээ. Илүүдэл жинтэй 4 хүүхэд тутмын 1 нь хэт таргалалттай (6.4%) байгаа бөгөөд Улаанбаатар хотод сургуулийн насны 3 хүүхэд тутмын 1 нь (34 хувь) илүүдэл жинтэй байна.
  • Хоол тэжээлийн үндэсний V судалгаанаас харахад өсөлт хоцрогдолтой хүүхдийг хэвийн өсөлттэй хүүхэдтэй (11 хувь) харьцуулбал жингийн илүүдэлд өртөх магадлал харьцангүй өндөр (20.5 хувь) байна.
  • Хүнсний баталгаат бус байдал шим тэжээлийн дуталд орох гол хүчин зүйл болдог дэлхий дахинд ажиглагддаг зүй тогтол Монгол Улсын Хоол тэжээлийн үндэсний V судалгаагаар мөн батлагдаж байна. Хүнсний баталгаат байдал хангагдсан өрхүүдтэй харьцуулбал хүнсний баталгаат байдал алдагдсан айл өрхийн 5 хүртэлх насны хүүхдүүдийн өсөлт хоцрох, тураалд орох эсвэл хүүхэд бага жинтэй төрөх байдал илүү байна.
  • Орон нутагт хүн амын 20 хувьд цэвэр, баталгаат ундны усны хүртээмж дутмаг, нийт хүн амын гуравны нэг нь сайжруулсан ариун цэврийн байгууламж ашигладаггүй байдал нь хүүхдийн шим тэжээлийн дуталд өртөх байдлыг ихэсгэж байна.
  • Зорилтот бүлгийн өрхийн хүнсний баталгаат байдал, шим тэжээлийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор хэрэгжүүлж буй хүнсний талон олгох нийгмийн хамгааллын үйл ажиллагаа нь эмзэг бүлгийн айл өрхийг хоол тэжээлийн хомсдолд орох эрсдэлийг тодорхой хэмжээгээр бууруулж байна. Иймд энэ чиглэлийн арга хэмжээг улам сайжруулан, бэхжүүлж эмзэг бүлгийн айл өрхийн хүнсний баталгаат байдлыг хангах хэрэгтэй байна.

“Ази, Номхон далайн бүсийн шим тэжээл, хүнсний баталгаат байдлын төлөв 2018”  тайлангийн хураангуйг энд дарж үзнэ үү.

Холбоотой мэдээ