Х.Баттулгыг МАН явуулсан ч МАН-аас тэр явсангүй!

2021-08-02 729 0

Хүүхэн тосгоноос явсан ч тосгон хүүхнээс явсангүй гэх хэлц үг Монголын улс төрд яг давтагдаж байна. Нэгэн цагт М.Энхболдыг унагаах гэж МАН-тай сүжирч гүйсэн Х.Баттулга өдгөө Токиогийн олимпод тамирчдад массаж хийсэн шигээ улс төрөөс хол яваа мэт харагдах болсон.

Тэрбээр өнгөрсөн хавар МАН-ыг тарааж улс төрд түйрэн тавихыг оролдсон ч бараагүй бөгөөд У.Хүрэлсүхийн гэнэтийн нүүдэлд цочирдсон тэрбээр ичсэн нэрэндээ С.Батболдыг төрийн эргэлт хийх гэлээ хэмээн буруутгаад өнгөрсөн байдаг. Дахин зургаан жил Төрийн тэргүүн болох түүний мөрөөдлийг Тамгын газрын дарга З.Энхболд нь санаатай, санамсаргүй хоёрын дунд Үндсэн хуулийн өөрчлөлтөөр үгүй хийсэн ч үнэн.

У.Хүрэлсүхийн улс төрийн гэнэтийн мэхийг тооцоолоогүй “самбо бөхийн дэлхийн аварга” маань байгаа онолгүй сумаа тавьснаас хөрөнгө мөнгө, хамаг юмаараа “шатаж”, МАН-ынхан импичмент хийлгүүлж, хөөгдөх дээрээ ч тулсан. Өнөөдрийн үйл явдал, улс төрийн хүрээний бор шар мэдээллүүдийг харахад МАН түүнийг явуулсан ч тэр МАН-аас явсангүй.

ХИЛИЙН ЦААДАХ УЛС ТӨРИЙН ТОХИРОО

Токиод айлчилсан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд япончууд хөөрхөн гөлөг бэлэглэсэн. Ерөнхий сайдын хувиар Л.Оюун-Эрдэнийн анхны гадаад айлчлалаар санал солилцоод ирсэн нь ядаж л өмнөх Ерөнхий сайдууд санамж бичиг зурчихаад ирдэг байсан гадаад харилцааны уламжлалаас доошоо орлоо гэж олон нийтийн сүлжээнд шүүмжлэх хүмүүс ч байв.

Улс орон нь цар тахалтай, экспорт импорт нь гацчихаад байхад Ерөнхий сайд нь олимпийн наадмыг зорьсны цаана улс төрийн зорилготой байсан гэх яриа МАН-ын цагаан байрнаас сэвэгдэж буй. Өөрөөр хэлбэл, Токиод Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ экс Ерөнхийлөгч Х.Баттулгатай нууцаар уулзсан тухай.

Х.Баттулга АН-ын тамгыг авч өгөхийг Ерөнхий сайдаас гуйсан тухай ч “хөх шувуу”-д жиргэж буй. Хариуд нь М.Энхболд, С.Батболд нарын эсрэг хамтрах саналаа тавьсан гэх. Мэдээж, овоо босгоогүй бол шагшрах шаазгай олдохгүй. Хэрэвзээ улс төрийн хүрээнд “тэнэж” буй энэ хов жив үнэн бол Х.Баттулга, Л.Оюун-Эрдэнэ хоёрын хоршил МАН, АН-ыг авахаар шийдсэн бололтой. Ерөнхий сайд өнгөрсөн хавар зуу хоногийнхоо тайлангийн үеэр Х.Баттулгатай сайн харилцаатай гэдгээ нуугаагүй төдийгүй тэднийг холбох гүүр нь “Херо” болж харагдаж, хардагдаж байна.

Гэхдээ Л.Оюун-Эрдэнийн гол дайсан нь М.Энхболд, С.Батболд гэхээсээ нам дотроо УИХ-ын дарга Г.Занданшатарыг улс төрийн хүрээнийнхэн заацгааж буй юм.

Өнгөрсөн долоо хоногт болсон НАМЗХ-ны хурлаар Ерөнхий сайдын санал унасан төдийгүй, намын жинхэнэ даргын төлөөх ил, далд тэмцэл МАН-ын “пентхауст” алт эртнээс эхэлсэн. Ямар ч байсан УИХ-ын даргын зөвлөх өдөр шөнөгүй л засгийн сайд нарыг олон нийтийн сүлжээнд нүддэг, шүүмжилдэг болсон нь цаанаа улс төрийн зорилгогүй гэвэл гэнэн дүгнэлт болно.

МИХАЙЛД НЭГ БОДОЛ БИЙ

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Х.Баттулга дахин нэр дэвших боломжгүй болсондоо одоо ч шаралхаж яваа. МАН-ыг тараах захирамж гаргаж байсан тэрбээр Монголын улс төрөөс тийм ч амархан явчихгүй болов уу. Түүнд эргэн ирэх сайхан шалтаг бий болсон Токиогийн олимп. Жүдогийн тамирчдын амжилтаар нэр нүүрээ хийгээд АН-ыг авах нь түүний өдрийн бодол шөнийн зүүд гэхэд дэгсдэхгүй.

Түүний ном уншдаггүй, хууль бичиг тоодоггүй сул талыг ашиглаж дахин нэр дэвших боломжгүй болгон, Үндсэн хуулийг ёсчилон батлуулж Монголын улс төрөөс түүнийг зайлуулсан ч тэрбээр МАН-аас салж явахгүй нь бололтой. Ямар ч байсан өнгөрсөн хугацаанд Х.Баттулгын хамаг л хар, цагаан пиарыг хийсэн түүний хуурай дүү Б.Баатар төрсөн дүүгийнхээ пиарыг хариуцаж буй хэнд ч ойлгомжтой болсон.

Б.Баатар өөрөө ч МАН-тай хамтарч байгаа ч Х.Баттулгаас урваагүй болохоо сэтгүүлчид хариулсан байдаг.

“Карантин 14”, “Мэдээллийн урсгал”, наадмын кино концерт гээд Засгийн пиарыг Б.Баатар хийх болсон МАН-ын цагаан байранд дургүйцэх хүмүүс ч олон болсон байна. Түүнчлэн ялсан монголчууд ч Ерөнхий сайдыг “магтах” ажилтай болсноос харахад У.Хүрэлсүхийг дэвшүүлэн зайлуулаад Х.Баттулга МАН-тай нэгдэж АН-ыг авах төлөвлөгөө боловсруулж яваа бололтой. Ямар ч байсан нөхөн сонгуульд биш намдаа хүч, хөрөнгө хаяхаар шийдсэн тэрбээр АН-ыг авч чадахгүй бол Ногоон намыг “аваад”, 2024 оны сонгуульд бэлтгэх бодолтой яваа гэх.

Х.Баттулгын хувьд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Ерөнхийлөгчид өрсөлдөх эрх нь хязгаарлагдсан ч Ерөнхий сайд болохгүй гэх газаргүй.

Токиогийн олимпийг ашиглаад унасан нэр хүндээ овоо сэргээгээд авсан Х.Баттулгын хувьд цаашдаа Л.Оюун-Эрдэнийн хамтрагч гэхээсээ гол өрсөлдөгч болж магадгүй юм.

эх сурвалж: news.mn Ж.ЭРХЭС

Холбоотой мэдээ