АНУ-ын лобби компани МАН-ын удирдлага болон Сү.Батболдын талаар гүтгэлэг тарааснаа залруулсан мэдэгдэл гаргажээ

2021-07-25 160 0

Өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөхөн АНУ-ын Ди-Си-Ай групп /DCI Group/ гэх лобби компанитай АН-аас гэрээ байгуулж, Х.Баттулга Ерөнхийлөгчийн Тамгын газраас МАН, Сү.Батболдын талаар гүтгэлгийн чанартай харлуулсан мэдээ тараасан билээ.

Эргэн сануулбал, “МАН нь “цэрэгжсэн үйл ажиллагаа явуулж” “фашист дэглэм” тогтоох гэж байна, төрийн эргэлт хийх гэж байгааг нь Сү.Батболд толгойлж байна”, “Ардчиллыг хамгаалж Х.Баттулга МАН-ыг тараалаа” гэх мэтээр хүний ой санаанд багтамгүй гүтгэлэг тухайн үеийн Ерөнхийлөгчийн албанаас тараалгаж байсан. Энэ мэдээ нь тухайн үеийн Ерөнхийлөгч Х.Баттулгын нэр хүндийг өсгөх, МАН-аас нэр дэвших магадлал бүхий улс төрчдийг харлуулах гүтгэлэг байсан нь тодорхой нотлогддог.

Түүнчлэн, Нью Йорк зэрэг гадаад улсын шүүхэд үүсгэсэн байсан илт хуурамч нэхэмжлэл нь аль хэдийнээ гүтгэлэг гэдэг нь нотлогдож Сү.Батболдын талд гадаад улсын шүүхийн шийдвэр гарсан байтал бас л мушгиж гүтгэсээр байсан аж.

Энэ мэт илт худал мэдээ мэдээллийг гаднын хэвлэл мэдээллийн байгууллагуудаар тухайн үеийн Ерөнхийлөгчийн албанаас тараалгаж байсан нь АНУ-ын Хууль зүйн яаманд Ди-Си-Ай групп /DCI Group/-ийн хүргүүлсэн цахим шуудангуудаас ил болсон. Тэр байтугай Х.Баттулгатай гадаадын сэтгүүлчдийг тусгайлан уулзуулж энэ талаар ярилцлага өгч болно гэж дээр дурдсан цахим шуудангуудад нь бичсэн байдаг.

Тусгаар улсын Төрийн тэргүүнийг сонгох сонгуульд гаднын компанийг ашиглан өрсөлдөгчдөө харлуулсан, тэр бүү хэл эх орноо дэлхий нийтэд гутаан доромжилсон уг гэрээний талаар тухайн үедээ Монголд шуугиад өнгөрсөн.

Тэгвэл Ди-Си-Ай групп /DCI Group/-ээс гадаадын хэвлэл мэдээллийн байгууллагуудад ташаа мэдээ хүргүүлсэн байснаа хүлээн зөвшөөрч, залруулга гаргасан байна. Хамгийн сонирхолтой нь, уг мэдэгдэлд тус компанийг хууран мэхлэх замаар гэрээ байгуулсан, үүнийг нь мэдсэн дариудаа АН-тай байгуулсан гэрээгээ цуцалсан, экс ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын гишүүн Сү.Батболд болон Монголын улс төрийн талаар ташаа мэдээлэл тарааж байсан тул түүнийгээ үгүйсгэж байгаа талаар маш тодорхой дурдсан байна.

Эндээс хэд хэдэн асуудал үүсч байна. Энэ талаар гэрээнд нэр нь бичигдсэн байсан Ц.Туваан огт мэдэхгүй гэдгээ шууд хэлсэн. Гарын үсэг зурсан байж магадгүй О.Цогтгэрэл хар цагаан нэг ч үг дугараагүй. Хэний захиалгаар ийм гүтгэлэг тараасан нь маш тодорхой, гэхдээ яг хэн гэгч хүн зохион байгуулж АНУ-ын томоохон лобби компанийг хууран мэхэлж байгуулсан бэ? Төрийн албан хаагчид ийм ажиллагаа явуулсан бол хуулийн үр дагавартай байх учиртай. Их хэмжээний мөнгөн дүн бүхий энэхүү гэрээг гаднын лобби компани тэр даруй цуцалсан нь тэд маш ноцтой гүтгэлгийн чанартай мэдээг хууран мэхэлж тараалгасан учраас эргээд асар их санхүүгийн хохиролд унахаас зайлсхийсэн нь тодорхой. АНУ-ын шүүх Монголын шүүх биш учраас ийм гүтгэлэг тараах нь эргээд маш том хохирол дагуулдаг. Ийм юм хийлгэсэн учраас “хууран мэхэлсэн” гэсэн маш ноцтой үг хэрэглэж, өмнө мэдээлэл тараасан байсан бүх хэвлэлийн байгууллагуудад хандаж өмнөх мэдээгээ бүрмөсөн үгүйсгэсэн байна.

Эндээс өнгөрсөн оны намар, энэ оны хавар зунжингаа гадаад, дотоодын хэвлэл мэдээллийн байгууллагуудаар гарсан элдэв мэдээллүүд нь Монголоос гадаадын өндөр хөлс бүхий пиар, лобби компаниудад захиалан тараасан улс төрийн зорилго бүхий худал гүтгэлэг байсан нь нотлогдож байна.

Ди-Си-Ай групп /DCI Group/-ийн гаднын хэвлэлийнхэнд хүргүүлсэн мэдэгдлийг Та бүхэнд хүргэж байна.

STATEMENT ON MONGOLIA PRESIDENTIAL ELECTION/ DCI REPRESENTATION OF DEMOCRATIC PARTY OF MONGOLIA AND PRESIDENT BATTULGA

The Mongolian presidential election is scheduled to take place on June 9, 2021. You may have previously received press statements from DCI Group on behalf of the Democratic Party of Mongolia (DP). If you are intending to contact the DP or any of its officials or President Battulga prior to the election, please be advised that we no longer represent the DP or President Battulga. In fact, we resigned the representation immediately upon learning that we had been retained under false pretenses. As such, please disregard any information or materials you have received from us pertaining to the DP, President Battulga, Sukhbaatar Batbold, or political events in Mongolia arising from our prior representation.

Орчуулга:

“МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИЙН ТАЛААРХИ МЭДЭГДЭЛ/ ДИ-СИ-АЙ \DCI\ МОНГОЛ УЛСЫН АРДЧИЛСАН НАМ БОЛОН ЕРӨНХИЙЛӨГЧ БАТТУЛГЫГ ТӨЛӨӨЛСӨН ТАЛААР

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль 2021 оны 6-р сарын 9-ний өдөр болохоор товлогджээ. Та өмнө нь Ди-Си-Ай \DCI\ группээс Монголын Ардчилсан Нам (АН) -ыг төлөөлөн хэвлэлийн мэдэгдэл хүргүүлснийг хүлээн авсан байж магадгүй юм. Хэрэв Та сонгуулиас өмнө АН эсвэл түүний албан тушаалтнууд эсвэл Ерөнхийлөгч Х.Баттулгатай холбоо барих гэж байгаа бол бид АН эсвэл Ерөнхийлөгч Баттулгыг төлөөлөхөө больсон болохыг анхааруулж байна. Үнэндээ биднийг хуурч мэхлэн гэрээлснийг мэдмэгц бид тэр даруй төлөөллөө зогсоосон болно. Иймд АН, Ерөнхийлөгч Баттулга, Сүхбаатарын Батболд, эсвэл Монгол Улсад болсон улс төрийн үйл явдлын талаар өмнөх төлөөллийн гэрээний дагуу илгээсэн аливаа мэдээлэл эсвэл материалыг үгүйсгэж байгаа болно гэжээ.

Б.Ганболд

Холбоотой мэдээ