Монголын улс төр популист улс төрчдөөр бөөстсөн нь үнэн. Олон нийтийн анхааралд байгаа асуудлыг шүүрэн авч шүүмжлэгчид хэзээ ч тухайн асуудлыг шийддэггүй. Тиймээс тухайн асуудал хэвээр үлдэж харин популист улс төрчид эрх мэдэл хүртдэг гэж улс төр судлаачид популистуудыг тодорхойлдог.
Монголын улс төр дэх попын хаан бол фэнгшү Ганбаатар гэдэгтэй хэн ч маргалдахгүй бас хаан сэнтий булаацалдахгүй байх. Парламентийн гишүүн хэдий ч улс орны өмнө тулгараад байгаа асуудлыг шийдэх хууль хэзээ ч санаачилдаггүй зөвхөн хэн нэгэнтэй тэмцэх огцруулах дээр л үсэрч гарч ирж нийгмээс оноо түүдэг тун ч мэдрэмжтэй улс төрч. Том мөнгө эргэлддэг оюутолгой, эрдэнэтийг барьж авч ноцолдохоос хөдөө орон нутагт сумдыг там болгож байгаа жижиг уурхайнуудын тухай ганц үг ган хийхгүй. Ийм л мэдрэмжтэй, ашигт үйлийн коэффициент өндөртэй хүн.
Фэнгшү Ганбаатарын амжилтыг залгасан популизмын ханхүү монголд төрөх гэж ид дуншиж байна. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга Б.Бат-Эрдэнэ гэх дарга залуу сүүлийн үед нийгэмд нэлээд попрох боллоо. Дуучин Ануг дагуулан түцнүүдийг шалгаж цагаан самар барьж баахан загнахад нь иргэд дургүйцсэн. Хэлсэн үгнийх нь шүлс нь хатаагүй баахад маргааш нь дуучин Ануг өөрийг нь татваргүй бараа зардаг шалтгаанаар гомдол ирвэл шалгана хэмээн мурьсан. Гэвч цагаан самар зарагдсаар л хүмүүс хэрэглэсээр л байгаа.
Наадмын ид үеэр махны захаар явж мал нядалгаа бойны газар заваан байна. Хаана хорино хэмээн хэвлэл дагуулан сүржигнэсэн. Эл үйлдэлд нь бухимдсан иргэд наадмын хоньгүй өнжөөх нь муу поп бацаан хэмээн сошлд дургүйцлээ ихээр илэрхийлсэн.
Саяхан “Шударга” дарга маань шатахуун импортлогч компаниудыг үнээ нэмсэн хэмээн хуйгаар нь торгожээ. Ковидоос болж дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ нэмэгдэж, литр тутамдаа 700 гаруй төгрөгийн алдагдалтай ажиллаж байсан импортлогч компаниуд 300 төгрөг нэмж алдагдлаа багасгах гэсэн нь поп даргын уурыг хүргэжээ. Нэртэйгээр нь оросод очиж роснэфтийг торгомоор байнаа Бат -Эрдэнэ даргаа. Шатахуун импортлогч компаниуд ч гэсэн ард түмний чинь нэг бөгөөд энэ салбарт 10 гаруй мянган монгол хүн ажиллаж ахуй амьдралаа зохицуулдаг гэдгийг ойлгох ухаан алга шив. Оронд нь нефтийн үйлдвэрээ нээхгүй байгаа Л.Оюун- Эрдэнэ ерөнхий сайдыг л торгомоор юм.
Зөвхөн нефт ч биш газ, гурил, будаа, мах, ногоо, өргөн хэрэглээний бараа бүгд шатахууны үнэ нэмэгдэхээс өмнө үнээ нэмсэн. Ингэхээр бүгдийг нь торгох ёстой биш үү. Монголд Б.Бат- Эрдэнэ даргад торгуулаагүй хүн аж ахуйн нэгж компани үлдэхнүү. Асуудлыг шийдэх гэж харахаасаа илүүтэй олон нийтэд сошиалд хоёр өдөр таалагдах гэж төрийн эрх мэдлийг хэрэгжүүлдэггүй гэдэг дээ. Алсын хараа л дутаад байх шиг манай дарга нарт.