Ресторан, кафены сүүдрэвчтэй үйлчилгээг нээхээр болжээ

2021-07-05 48 0

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар нийслэлд үйл ажиллагаа явуулж буй хоол үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн төлөөлөлтэй өнгөрсөн зургадугаар сарын 26-нд уулзаж, Хариуцлагын гэрээ байгуулсан.

Улмаар ресторан, зоогийн газар, кафе зэрэг хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газрууд үүдний хэсэгтээ зориулалтын дагуу тохижуулсан талбайд үйл ажиллагаа явуулах боломжтой болжээ. Ингэхдээ хариуцлагын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, халдвар хамгааллын дэглэмээ сайтар мөрдөх шаардлагатай аж. Түүнчлэн дээрх журам нь зөвхөн тухайн ресторан, зоогийн газрын үүдний хэсэгт байрлах, өөрийн эзэмшлийн сүүдрэвчтэй талбай (гарден)-д хамаарах юм.

Харин нийтийн эзэмшлийн талбайд сүүдрэвчтэй үйлчилгээ эрхлэхийг хориглоно.

Мөн энэ төрлийн үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийн хураамж 304,000 төгрөг гэдэг бөгөөд цар тахлын үед аж ахуйн нэгжүүдээ дэмжих үүднээс 2021 оны есдүгээр сарын 30-ныг хүртэл үнэ төлбөргүйгээр ажиллуулах шийдвэр гаргажээ.

Холбоотой мэдээ