Монгол орны мал сүрэг таван төрлөөр өссөөр 2017 онд 66,2 сая толгой мал тоолуулсан нь 2010 онтой харьцуулахад 1,5 дахин ихэссэн үзүүлэлт юм. Манай улсын мал аж ахуйн салбарт 13,9 их наяд төгрөг эргэлдэж байна. Бид ийнхүү нөхөн төлждөг, шавхагдашгүй асар их баялагтай орон. Гэхдээ одоо малын тоо биш чанарт анхаарах цаг болсон. Энэ ч үүднээс “Малын удам гарваль, ашиг шим, галбир бие цогцос, үр төлийн чанараар үнэлэх, үр дүнг тооцох, удам зүйн үнэлгээ хийх арга зүйг боловсруулжээ.
Малчин та буянт мал сүргийн нөөц баялгийн эзэн, үндэсний үйлдвэрлэгч. Мал сүрэг нь Үндсэн хуулиар төрийн хамгаалалтад байгаа үндэсний баялаг. Гэсэн хэдий ч сүүлийн жилүүдэд малчид, мал бүхий иргэн, хуулийн этгээдүүд дурын мал, хөврөл үрийг импортлох, эрлийзжүүлэг хийх, эцэг малыг таамгаар сонгон, хээлтүүлэгчээр ашиглах болсон. Үүнээс шалтгаалан малын үүлдэрлэг байдал алдагдах, тэсвэрт чанар муудах, давжаарах, нэг малаас авах ашиг шим буурах зэрэг сөрөг үр дагавар гарч байна. Тиймээс малын шинэ үүлдэр, омог бий болгох, гойд ашиг шимт малыг сонгон үржүүлэх, малын чанар, ашиг шимийг дээшлүүлэх зорилгоор Малын генетик нөөцийн тухай хуулийг баталж, хэрэгжиж эхлээд хагас сар боллоо.
Хуульд малын удам зүйн үнэлгээ, түүний бүртгэлийн талаар тусгасан байдаг. Энэ хүрээнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Хөдөө аж ахуйн маркетинг төсөлтэй хамтран Малын удам зүйн үнэлгээний системийг нэвтрүүлээд байна. Уг системийг нэвтрүүлснээр ямар үр дүн, өөрчлөлт гарахыг албаны эх сурвалжаас тодруулахад, “Үржлийн үнэт чанараараа стандартын шаардлага хангахгүй мал үржлээс хасагдана. Үүнийг малын удамзүйн мэдээллийн системд өгөгдөл оруулснаар систем өөрөө тооцоолох юм. “Сайн” гэсэн дурын үүлдэр, омгийн малыг сайжруулагчаар ашиглахгүй болно. Цаашид үржлийн үнэт чанараараа шалгарсан хээлтүүлэгчийг үржилд ашигласнаар богино хугацаанд малын чанар сайжрах ач холбогдолтой. Эхний ээлжинд хуц, ухна, бухан дээр, дараа нь азарга, буурь, хээлтүүлэгчид удам зүйн үнэлгээ хийх зэргээр шат дараалсан ажлыг зохион байгуулна” гэж ХХААХҮЯ-ны Малын үржил, бүртгэлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Батсүрэн хэллээ.
ХХААХҮЯ-ны Малын үржил, бүртгэлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Батсүрэн
“Өмнө нь малын удам гарваль, ашиг шим, галбир бие цогцос, үр төлийн чанараар үнэлэх, үр дүнг тооцох, удам зүйн үнэлгээ хийхдээ механик арга хэрэглэдэг байсан бол одоо уг ажлыг програмчилсан учраас орон нутгийн ХХААГ-ын мэргэжилтнүүд уг системийг эзэмших, сурах шаардлагатай болж байна. Систем нь ажлыг хөнгөвчилж, цаг хугацаа хэмнэнэ. Бид цааш цаашдаа “Малын удам зүйн үнэлгээний программ”-ийг хэрхэн ашиглах талаар хичээлийн хөтөлбөртөө оруулна” гэдгээ ХААИС-ийн МАА, биотехнологийн сургуулийн Эрдэм шинжилгээ эрхэлсэн орлогч захирал Д.Гүрбазар мэдэгдэв.
ХААИС-ийн МАА, биотехнологийн сургуулийн Эрдэм шинжилгээ эрхэлсэн орлогч захирал Д.Гүрбазар
Малын удам зүйн үнэлгээний системээр нэг настай ухнын үржлийн үнэт чанарыг тооцохдоо амьдын жин, ноолуурын гарц, ноолуурын гарц, ноолуурын уртыг харгалзан үзнэ. Ноолуур нарийн байх тусмаа үнэ өндөр, эдийн засгийн хувьд ашигтай, сүргийн ноолуурын чанарыг сайжруулахад гол нөлөө үзүүлэх тул сайжруулагч хээлтүүлэгч болно. Энэхүү “Малын зүйн үнэлгээний систем нь мах, сүү, ноос, ноолуурын гээд малын ашиг шимийн янз бүрийн чиглэлээр манай оронд үржүүлж байгаа үүлдэр, омгийн малын ашиг шимт чанарыг нэгдсэн индексээр үнэлэх юм. Тухайн системийг орон нутгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, хяналтын байгууллагад хүлээлгэн өгч байна.
Тиймээс системийг гардан ашиглах талуудаас зарим зүйлийг лавлахад, “Энэ арга зүйгээр хяналт, шалгалтаа хийх, малын удам зүйг үнэлэх боломжтой. Сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж буй мах, сүүний аж ахуйг эрхлэх зорилгоор малын чанарыг бүрэн дүүрэн тооцох ач холбогдолтой” гэж МХЕГ-ын Малын үржлийн хяналтын улсын байцаагч Д.Батмөнх үзэж байна.
МХЕГ-ын Малын үржлийн хяналтын улсын байцаагч Д.Батмөнх
“Дундговь аймгийн Өндөршил сумын шилэн адуу, Сайнцагаан сумын Сайнцагаан хонь, Хулд сумын Олдохын хүрэн бор тэмээг үүлдрээр баталгаажуулахаар судалгааны ажил хийж байна. Орон нутагт Малын генетик нөөцийн тухай хуулийг хэрэгжүүлэх нэг зорилтын хүрээнд өсвөр хээлтүүлэгч малын ашиг шимийг сайжруулах омог болгох арга зүйг Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэн, ахмад туршлагатай мал зүйчтэй хамтран боловсруулж байна. Эдгээр ажил Малын удам зүйн үнэлгээний систем чухал хувь нэмрээ оруулах болно. Системийг ашиглахад хялбар, энгийн санагдаж байна” гэж Дундговь аймгийн ХХААГ-ын Мал аж ахуйн албаны мэргэжилтэн Ж.Батбилэг хэлж байна.
Дундговь аймгийн ХХААГ-ын Мал аж ахуйн албаны мэргэжилтэн Ж.Батбилэг
Монгол Улсад одоогийн байдлаар 49 баталгаажсан үүлдэр омгийн малыг үржүүлж байна. Энэ нь малын генетик нөөцөд суурилсан үйлдвэрлэл, ажил, үйлчилгээний цар хүрээг тэлэх боломж бүрдсэнийг илтгэж байна. Цаашид “Малын удам гарваль, ашиг шим, галбир бие цогцос, үр төлийн чанараар үнэлэх, үр дүнг тооцох, удам зүйн үнэлгээ хийх ажлыг эрчимжүүлснээр гойд ашиг шимт малыг сайжруулагчаар ашиглах, улсын бүртгэлд бүртгэх, малын тооноос чанарт шилжих бодлого үр дүнтэй хэрэгжин, малчдын амьдрал дээшлэх юм.