Ким Жон Ун цар тахлын хямралд буруутган албаныхныг шийтгэв

2021-06-30 138 0

БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун эрх баригч намын зарим дээд албан тушаалтнуудыг цар тахлын эсрэг бүтэлгүй ажилласан, улмаар тооцоолоогүй том хямрал болж, улс орон, ард түмний аюулгүй байдал эрсдэлд орсон хэмээн буруутгаж шийтгэсэн байна. Гэвч өчигдөр/2021.6.29/ Хойд Солонгосын төрийн мэдээллийн KCNA агентлаг энэ талаар илүү нарийн мэдээлэл дэлгэсэнгүй.

Пёньян одоог хүртэл БНСУ, АНУ-ын албаныхны асуултад үл хариулан, цар тахлын халдварын тохиолдол албан ёсоор бүртгээгүй байгаа билээ. Тэгэхдээ засгийн газар нь Covid-19 өвчний эсрэг хатуу арга хэмжээ хэрэгжүүлж, хилээ хаагаад зогсохгүй дотоодын аялал жуулчлалыг бүрэн хориглох зэрэг хязгаарлалт тогтоосон юм.

KCNA агентлагийн мэдээлснээр Ким Жон Ун Хөдөлмөрийн намын улс төрийн товчооны хурал зарлаж, зарим удирдах албан тушаалтнуудыг үүргээ умартан цар тахлын эсрэг урт хугацааны үр дүнтэй арга хэмжээ авч чадахгүй байгаа асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн аж.

Хуралдааны үр дүнд улс төрийн товчооны хэд хэдэн гишүүд, төв хорооны нарийн бичгийн дарга нар тэргүүтэй албан тушаалтнуудыг сольсон гэнэ. Гэхдээ дээрх шийдвэр цар тахлын хямралтай холбоотой эсэх нь тодорхойгүй байгаа юм.

Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар Пёньян цар тахлаас ард түмнээ хамгаалахыг үндэстний оршин тогтнохтой холбоотой чухал асуудал хэмээн тооцож, ямар арга хэмжээ авахыг хамгийн ахмад удирдагч нар шийддэг гэнэ.

Мөн ажиглагчдын үзэж байгаагаар сүүлийн үед засгийн газар, ард иргэд олноороо цугларсан арга хэмжээ хэд хэд болсон нь тус улсад үнэхээр цар тахлын халдварын тохиолдол бүртгэгдээгүй бололтой.

Холбоотой мэдээ