“Насны хишиг” мөнгөн тусламжийг өнөөдрөөс олгож эхэллээ

2021-06-18 276 0

Жилд хоёр удаа олгодог “Насны хишиг”-ийг өнөөдөр (2021.06.18)-өөс эхлэн олгож байна. Энэ жил тохиож буй Ардын хувьсгалын 100 жилийн ойн өмнө ахмад настны мөнгөн тусламжийг 143.522 ахмадад олгох юм. Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас мэдээлснээр энэ жил нийт 11.8 тэрбумыг “Насны хишиг”-т зарцуулж байна.

Энэ жил 65 нас хүрч буй, долдугаар сарын 15-наас өмнө төрсөн ахмадууд “Насны хишиг” мөнгөн тусламжийн үйлчилгээ авах эрхтэй болж байгаа юм.

Тэднийг энэ сарын 30-ны өдрийг хүртэл бүртгүүлж, уг үйлчилгээг авахыг мэдээлсэн. Үүнтэй холбогдуулан Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас тодруулахад “Мөнгөн тэтгэмжийг өнөөдрөөс олгож эхэлсэн ч зургадугаар сарын 25-нд дахин нөхөн олголт хийгддэг. Ахмадууд мөнгөн тусламж авах эрх нь үүссэн л бол хэзээ ч хүсэлтээ гаргасан болно. Бүртгэлээс хоцрох, “Насны хишиг”-ээ авч чадахгүй байх зэргээр санаа зовох асуудалгүй. Иймд хүсэлтээ гаргасан л бол “Насны хишиг”-ээ авч болно гэсэн үг. Гэхдээ он дуусахаас өмнө хүсэлтээ гаргаснаар мөнгөн тэтгэмж авах эрх нь үүснэ” гэлээ.

Ахмадууд ehalamj.mn системд хандан цахимаар холбогдон хүсэлтээ гаргах боломжтой. Мөн харъяа аймаг, дүүргийнхээ Халамжийн хэлтэст биечлэн өргөдөл гаргаснаар тус үйлчилгээнд хамрагдах журамтай.

Улсын хэмжээнд жил бүр 140 мянган ахмад настан “Насны хишиг” үйлчилгээ авдаг байна. “Насны хишиг”-ийн нөхөн олголтыг зургадугаар сарын 18-наас 25-нд олгох юм байна. МАН-ын мөрийн хөтөлбөрт туссан 65-аас дээш насны ахмад настанд “Насны хишиг” буюу мөнгөн тэтгэмж олгохдоо,

65-69 настай ахмадад 50 мянган төгрөг,
70-79 настай ахмад 80 мянган төгрөг,
80-89 настай ахмад 150 мянган төгрөг,
90-ээс дээш настай ахмадуудад 250 мянган төгрөг тус тус олгодог.

Холбоотой мэдээ