Хоёр жилийн хугацаанд хөл хорионд орж ажлаа хийж чадахгүй дампуурсан ТҮЦ эрхлэгчид саяхан жагсаал хийж цагаан сонголт хийхээ мэдэгдсэн. Жижиг бизнесийг дэмжсэн ганц ч үг өгүүлбэр нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрт ороогүй байна гэж хэлснийх төлөө ШӨХТГ-аас шалгалт хийж ТҮЦ эрхлэгчдийг дарамталж эхэлснийг уншигч та бүхэн сошиал орчноос үзсэн байх.
Өөрийн цахим хуудсаараа дамжуулан эрүүл мэнд, гоо сайхан, хүүхдийн сүү сүүн бүтээгдэхүүн сурталчлан зарж борлуулдаг Уранхолбоо гэх бүсгүйг дагуулан явж шалгалт хийсэн. Яг үнэндээ Уранхолбоо гэх бүсгүйн зарж буй тураах цай ч мөн адил ТҮЦ-ээр зарж буй цагаан самартай адил баталгаагүй эрүүл мэндийн бүтээгдэхүүн байх. ТҮЦ-ээр амьжиргаагаа залгуулж буй жижиг бизнес эрхлэгчдийг цагаан сонголт хийнэ гэж хэлснийх нь төлөө шалгалт хийж дарамт үзүүлж буй нь эмгэнэлтэй хэрэг.
Цахим орчинд бэлэн мөнгөний азтан тодруулж элдэв бараа лайваар зардаг олон хүмүүсээс илүүтэйгээр ТҮЦ эрхлэгч нар бол улсдаа татвараа үнэнчээр төлж байгаа жинхэнэ баатрууд юм.
Эх сурвалжийн мэдээлж байгаагаар эгэл ардын амьдрал ойлгохгүй нүдээ олоогүй шийдвэр гаргаж шалгалт хийдэг ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнийг энэхүү албан тушаалаас нь чөлөөлөх тухай асуудал МАН-ын удирдах зөвлөл дотор аль хэдийнээ яригдаж эхэлсэн байна.