“Дахин гамшигт үзэгдэл болохыг үгүйсгэхгүй тул хүчтэй салхинд тэсвэртэй тулгуур баганууд шаардлагатай”

2018-12-04 123 0

ОХУ-аас эрчим хүч татдаг шугамын тулгууруудыг 40 метр/секунд хурдтай салхийг тэсвэрлэх тулгуураар сольж, шинэчлэх талаар салбарын яам судалж байна.

Цаг агаарын гамшигт үзэгдлийн улмаас Увс аймгийн Түргэн сумын цахилгаан дамжуулах агаарын шугамын 220 кВ-ын дөрөв, Өмнөговь суманд 110 кВ-ын ес гээд нийт 13  төмөр тулгуур багана унаж, баруун аймгуудын 50 суманд цахилгаан тасарсан явдал арваннэгдүгээр сарын 25-ны өдөр болсон. Энэ үеэр салхины хурд секундэд 30 метрээс дээш хурдаар шуурснаас ОХУ-ын эрчим хүч татдаг шугамын гурван тулгуур унасан талаар Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн ярьж байсан.

Манай улсад ашиглаж буй тэдгээр тулгуур шугамын стандарт нь 30 метр/секунд хүртэлх салхийг тэсвэрлэх чадалтай аж. Гэтэл үүнээс хүчтэй шуурга буюу байгалийн гамшигт үзэгдэл баруун аймагт 10 жилийн давтамжтайгаар гурван удаа болжээ. Тодруулбал, 1998 онд мөн тулгуур баганууд унсаныг 20 гаруй хоног ажиллаж засаж байсаж бол 2008 онд мөн хүчтэй шуурганы дараа 10 гаруй хоног ажиллаж, эрчим хүчний хангамжийг хэвийн байдалд оруулж байжээ.

Тиймээс 10 жил, түүнээс ч наана дахин гамшигт үзэгдэл болохыг үгүйсгэхгүй тул ОХУ-аас эрчим хүч татдаг шугамуудын тулгуурыг шинэчлэх шаардлагатай хэмээн үзэж байгаагаа Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн онцоллоо. “Одоогийн байдлаар 40 метр/секунд хурдтай салхийг даах чадалтай тулгуур багана ОХУ-д байдаг гэсэн мэдээлэлтэй байна. Харин БНХАУ-ын стандарт манайхтай адилхан юм билээ. Мэдээж энэ ажилд маш их хэмжээний хөрөнгө шаардагдана. Гэхдээ хийхээс өөр аргагүй байна” хэмээн хэлсэн юм.

Холбоотой мэдээ