Эрдэнэтийн инженерүүд химийн бодисын хор аюулын лавлах мэдээлэл боловсруулж байна

2019-10-23 109 0

Эрдэнэт үйлдвэр жилд 31.5 сая тонн хүдэр боловсруулж, 650 мянган тонн зэсийн баяжмал, 6000 тонн молибдены баяжмал үйлдвэрлэдэг. Үүний тулд 310 төрлийн 126 мянга гаруй тонн химийн бодис, урвалж ашигладаг бөгөөд химийн бодисын хэрэглээгээр улсад тэргүүлдэг. Иймээс Эрдэнэт үйлдвэрийн инженерүүд хэрэглэж буй химийн бодис, урвалжийн хор аюулын лавлах мэдээллийг хүртээмжтэй, ажилчдад ойлгомжтой байдлаар шошго бэлтгэх, хор аюулаар нь ангилан хадгалах ажлыг сайжруулах төсөл хэрэгжүүлж байна. Өмнө нь үйлдвэрлэгч, нийлүүлэгчдээс илгээсэн мэргэжлийн хүмүүс орчуулсан эсэх нь тодорхойгүй санамж бүхий шошго ашигладаг байсан бол одоо Эрдэнэт үйлдвэр өөрийн оюунлаг инженерүүдийн боловсруулсан мэдээлэл, шошго хэрэглэнэ. Химийн инженерүүд уг төслийн хүрээнд химийн бодисуудын хор аюулын лавлах мэдээллийг боловсруулах, шошгоны загвар бэлтгэж байна. Үүнд бүтээгдэхүүний хор аюулын тодорхойлолт, найрлагын мэдээлэл, анхны тусламжийн болон гал унтраах, аюул ослын үед авах арга хэмжээ, харьцах ба хадгалах, өртөлтийг хянах, физик, химийн шинж чанар, тогтвортой байдал, урвалын идэвх, устгах, тээвэрлэх зэрэг химийн хорт болон аюултай бодисыг тойрсон бүхий л мэдээлэл багтах юм. Энэхүү төслийг ЧХХ-ийн Химийн төв лабораторийн инженер М.Даваажав санаачлан найман хүний бүрэлдэхүүнтэй хэрэгжүүлж байна. Эдийн засгийн үр ашгаас илүү Эрдэнэт үйлдвэрийн хамгийн үнэт эрдэнэ болсон ажилчдаа хамгаалах чиглэлд хэрэгжүүлж буй уг төсөл нь Монгол улсад жишиг болохуйц бичиг баримт бий болгох ач холбогдолтой юм.   

Сүүлд өөрчлөгдсөн Лхагва, 23 10-р сар 2019 10:29

Холбоотой мэдээ