Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад оролцохоор ОХУ-ын Владивосток хотноо өнөөдөр хүрэлцэн ирлээ.
Тус хотод 2015 оноос хойш 5 дахь жилдээ зохион байгуулж буй энэхүү эдийн засгийн чуулга уулзалт нь ОХУ-ын Алс Дорнодын бүс нутгийн эдийн засаг, хөрөнгө оруулалтын салбарын хөгжлийг дэмжих, Ази, Номхон далайн бүс нутаг дахь хамтын ажиллагааг эрчимжүүлэх, хөрөнгө оруулалт хийх шинэ төслүүдийг танилцуулах зорилготой, жилээс жилд оролцогчдын хүрээ, хөрөнгө оруулалтын хэмжээ нь нэмэгдэж буй арга хэмжээ юм. Тухайлбал, 2015 онд болсон анхдугаар чуулга уулзалтад 24 орны 1500 гаруй төлөөлөгч оролцож, 1.3 их наяд рублийн үнийн дүн бүхий 200 орчим төсөлд холбогдох 80 гаруй гэрээ, хэлэлцээрийг байгуулж байсан бол 2018 оны чуулга уулзалтаар 3.1 их наяд рублийн үнийн дүнтэй 220 гэрээ, хэлэлцээрийг байгуулжээ.

Энэ жилийн чуулга уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгаас гадна Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абэ, БНЭУ-ын Ерөнхий сайд Нарендра Моди, Малайз улсын Ерөнхий сайд Махатир Мохамад тэргүүтэй 40 гаруй орны төлөөлөгчид оролцож байна. Мөн ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин оролцож байгаа юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга маргааш Дорнын эдийн засгийн чуулга уулзалтын нэгдсэн хуралдаанд оролцож үг хэлэхээс гадна Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абэ, БНЭУ-ын Ерөнхий сайд Нарендра Моди нартай ганцаарчилсан уулзалт хийж, Монгол Улс, ОХУ, Япон, Малайз, БНЭУ-ын төр, засгийн тэргүүнүүдийн “Ажил хэрэгч үдийн цай” уулзалтад оролцож өөрийн байр суурийг илэрхийлэх юм.
2017 оноос хойш Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад 3 дахь жилдээ дараалан оролцож буй Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга мөн энэ үеэрээ Жигоро Каногийн нэрэмжит жудо бөхийн олон улсын тэмцээний шагнал гардуулах ёслолд оролцож, ОХУ-ын Жудо бөхийн холбооны ерөнхийлөгчтэй уулзах ажээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийг дагалдан УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, яамдын ажил хариуцсан хүмүүс, МУИС, МУБИС, ХААИС, ШУТИС-ийн захирлууд, бизнесийн төлөөлөл, Жудо бөхийн тамирчид Владивосток хотод ажиллаж, холбогдох арга хэмжээнүүд, тэмцээнд оролцож байна.