Улаанбаатар /МОНЦАМЭ/. НИТХ-ын тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан яг одоо болж, замын хөдөлгөөний ачааллыг бууруулах чиглэлээр хийж, хэрэгжүүлж буй ажлыг танилцуулж байна.
Замын хөдөлгөөний ачааллыг бууруулах чиглэлээр хийж, хэрэгжүүлж буй ажлын талаар Нийслэлийн Зам, тээвэр хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх хэлэхдээ, “Улаанбаатар хотын замын хөдөлгөөнийг бүсчилж буйг иргэд, жолооч, зорчигч нарт сайн ойлгуулж, энэ ажилтай уялдуулан автозогсоолын болон төлбөрийн системийг цогцоор шийднэ” гэж байв. Үүнтэй холбогдуулан Нийслэлийн Замын хөдөлгөөн, төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газрын дарга С.Энхтөр хэлэхдээ, “Одоо жишээ нь, тогтоосон бүс рүү жолооч нар яаж орох вэ, бүгдийг шалгаж оруулах уу гэж байна. Тийм боломж байхгүй.
Бид хяналтын цогц систем нэвтрүүлэх гэж байна. Үүгээр тухайн автотээврийн хэрэгсэл улсын үзлэгт орсон, тэнцсэн эсэхээс эхлээд татвар, торгууль төлсөн зэргийг бүгдийг хянах боломжтой болох юм. Бүсчлэлийн тухайд эхний ээлжинд тухайн бүсүүдэд хичнээн машин шингэх талаар автозогсоолын судалгааг хийж байна” гэв.
Тэрээр тээврийн хэрэгсэл бүрийг хяналтын системд хамруулах талаар хэлэхдээ, “Энэ ажлыг автотехникийн улсын үзлэг буюу тээврийн хэрэгслийн оношлогооноос эхэлж байгаа. Өнөөдрийн хувьд техникийн үзлэг оношлогооны газруудын тоног төхөөрөмж сайн байгаа. Гагцхүү хүний хариуцлага байдал их гардаг. Мөн дотоодод автозасварын газруудад гадаадаас сэлбэг хэрэгсэл оруулж ирэн машин угсарч буй хууль бус ажиллагааг таслан зогсоож хяналтыг чангатгана. Өнөөдөр манай улсад атомашины насжилтыг хянах, түүнд хязгаар тогтоох хууль эрхзүйн байдал үгүйлэгдэж байна. Энэ бүхнээс хяналтын ажлыг эхэлж, автомашин, автотээврийн хэрэгсэл, замын хөдөлгөөний ачааллыг цогцоор авч үзэн хяналтын системийг нэвтрүүлнэ” гэж байв.

Өнөөдрийн НИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаанаар мөн нийслэлийн ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэх, нийтийн эдэлбэр газрын байршил, хэмжээг тогтоох, үнэлгээний хороонд иргэдийн төлөөллийг оруулж томилох, нийслэлийн өмчийн бүртгэлээс хөрөнгө хасах тухай зэрэг асуудлыг хэлэлцэнэ.
Б.Болд