Монгол улсын хэмжээнд сүрьеэгийн өвчлөл өндөртэй долоон аймгийн нэгээр Орхон аймаг бүртгэгдсэн. Сүрьеэгийн өвчлөлийг бууруулахад далд хэлбэрийн сүрьеэг эрт илрүүлж, урьдчилан сэргийлэх мэдлэг олгох нь чухал гэж үзсэн эрүүл мэндийн салбарынхан ХӨСҮТ-ийн тандалт судалгааны багийнхныг Орхон аймагт ажиллах санал тавьжээ. Орхон аймгийн хэмжээнд он гарсаар сүрьеэгийн 40 гаруй тохиолдол бүртгэгдсэн бөгөөд Улсын хэмжээнд жилд 4000 гаруй шинэ тохиолдол илэрч, түүний 70 гаруй хувийг 16-45 насныхан эзэлж байна.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас Номхон далайн бүсийн 37 оронд явуулсан судалгаагаар сүрьеэгийн тархалт өндөртэй долоон орны нэгд Монгол улс орсон. Газар нутаг бага, хүн амын төвлөрөл их, түр оршин суугч болон дайран өнгөрөгч олонтой газарт энэ төрлийн өвчлөл их байх магадлал өндөртэйг салбарынхан хэлж байна. Мөн ажилгүйдэл, архидалт, хүн амын амьжиргааны түвшин, орчны нөхцөл байдал, хоол хүнс, хүмүүсийн амьдралын хэв маяг нь өвчлөлд нөлөөлдөг болохыг тогтоожээ. Тиймээс тухайн хүн 14-өөс дээш хоногоор ханиалгах, халуурах, ядрах, хөлрөх, биеийн жин буурах, цустай цэр гарсан тохиолдолд эмнэлгийн байгууллагад хандах хэрэгтэйг зөвлөлөө.
И.Чинтогтох
