“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ган бөөрөнцгийн цехэд орчин үеийн технологи нэвтрүүлж байгаа. Ажлын явцын талаар тус цехийн Ерөнхий инженер Б.Анх-Эрдэнээс тодрууллаа.
– Шинэчлэлийн бэлтгэл ажил хэр хангагдаж байна вэ?
– Манай цехийн хэмжээнд 2018 онд томоохон хөрөнгө оруулалт хийгдсэн. Бид оны эхний улиралд 2700 тонн ган бөөрөнцөг үйлдвэрлэж, одоогоор технологийн шинэчлэл хийхээр үйл ажиллагаа түр хугацаанд зогсоод байна. Энэ удаагийн ажлыг Дулааны цахилгаан станцын өргөтгөлтэй холбогдуулан хийж байгаа юм. Энэ хүрээнд нүүрс хийжүүлэх зуухнаас татгалзан, индукцийн технологи руу шилжиж, шугам шинэчлэгдэнэ. Үйлдвэрийн удирдлагуудад төслөө танилцуулж, дэмжигдсэн. Өнөөдрийн байдлаар ажлын хэсэг тоног төхөөрөмж судлахаар БНХАУлс руу томилолтоор явсан. Нийлүүлэгч компанитай гэрээ хийсний дараа хэдий хугацаанд үйлдвэрлэх, бэлтгэл ажилд ямар хугацаа шаардлагатай байх зэрэг бүх зүйл тодорхой болно. Эрдэнэт үйлдвэрийн удирдлагуудын зүгээс тухайн чиглэлээр хамгийн сайн бүтээгдэхүүн нийлүүлэх улсын үйлдвэрийг сонгох чиглэл өгсөн.
– Шинэ технологийн онцлог, давуу тал юу вэ?
– Манай цех анх дизелийн түлш ашиглаж байсан. Дараа нь эдийн засгийн бодлогын хүрээнд нүүрс хийжүүлэх зуухтай боллоо. Одоо дэлхийн чиг хандлага цахилгаан соронзон орны нөлөөгөөр бэлдэцийг халаах буюу индукцийн технологи руу шилжээд байна. Бид ч энэ техологи руу шилжье гэж зорьсон. Шинэчлэлийн үр өгөөжөөр дэлхийн орчин үеийн технологитой хөл нийлүүлэн, ажлын орчин нөхцөлөө сайжруулах боломж бүрдэж байна.
– Одоогийн байдлаар хэдэн төрлийн ган бөмбөлөг үйлдвэрлэж байна вэ? Шинэчлэл хийгдсэнээр цехийн хүчин чадал нэмэгдэх үү?
– Зэрэгцээ хоёр шугам суурилуулснаар хүчин чадал нэмэгдэнэ. Ингэснээр манай цех Эрдэнэт үйлдвэрийн төлөвлөгөөт ган бөөрөнцгийг 100 хувь үйлдвэрлэх боломж бүрдэх юм. Нэмэлт захилга ч гүйцэтгэх боломжтой болно. Цаашид ган бөөрөнцгийн төрөл зүйл нэмэгдэж, нэр төрөл нь өөрчлөгдвөл тэр бүхнийг үйлдвэрлэх боломжтой. Одоогоор манай цех Эрдэнэт үйлдвэрийн технологид ашиглаж байгаа 40, 80, 100 мм-ийн голчтой ган бөөрөнцөг үйлдвэрлэж байна. Эдгээрийг хуучин ашиглаж байсан нэг шугам дээрээ л хийдэг байсан. Шинээр тавих шугамууд нь 40-80 мм, 80-100 мм-ийн голчтой бөөрөнцөг үйлдвэрлэх хүчин чадалтай. Ингэснээр 80 мм-ийн голчтой бөөрөнцгийг хоёр шугам дээр зэрэг үйлдвэрлэх боломж бүрдэх юм. Шинэчлэлийн ажлыг энэ оны сүүлчээр дуусгаж, бүтээгдэхүүнээ үйлдвэрлэх зорилт тавьсан.
– Аливаа техник, технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд боловсон хүчний асуудал чухал байдаг. Энэ талаар?
– Шинэ орон тоо үүсгэхгүйгээр ажилчдаа дадлагажуулахад анхаарч байна. Нүүрс хийжүүлэх зуухан дээр ажиллаж байсан операторуудаа цувих хэсэг рүү шилжүүлж, хоёр дахь шугам дээрээ ажиллуулна. Өнгөрсөн хугацаанд Технологийн сургуультай хамтран сургалт зохион байгууллаа. Эхний 16 ажилтан сургалтад хамрагдаж, энэ 7 хоногт төгсөж байна. Үлдсэн хүмүүсээ сургахад бид анхаарна. Мөн гэрээ байгуулсан компаний төлөөллийг нэг сарын хугацаанд үйл ажиллагаа жигдэртэл, ажилчдыг дадлагажуулах хамтарч ажиллах тухай санал тавина.
И.Чинтогтох
Фото: Б.Баттөгс