Эрдэнэт үйлдвэрийн Ахмадын нэгдсэн зөвлөл, Соёл урлагийн цогцолбортой хамтран нийт ахмадуудын дунд “Мөнхийн залуу нас” нийтийн бүжгийн тэмцээн зохион байгуулав. Тав дахь жилдээ болж буй уг тэмцээн нь соёл урлагийн үйл ажиллагаагаар дамжуулан ахмадууддаа эрүүл амьдрах хэв маягийг хэвшүүлэх, хөдөлгөөний дутагдлаас сэргийлэх, эрч хүч, урам зориг өгөх зорилготой гэж зохион байгуулагчид онцолсон.
“Мөнхийн залуу нас” тэмцээнд оролцож буй ахмадууд ардын болон нийтийн дууны аянд арав гаруй төрлийн цэнгээнт бүжгээр өрсөлдөж, шилдгүүд нь “Хаврын баяр” бүжгийн тэмцээнд оролцох эрхтэй болох аж. Мөн залуу насны дурсамж дурдатгалаа хуваалцаж, харилцан шинэ бүжгийн хөдөлгөөн суралцах боломжтой юм. Тэмцээний сүүлийн шатны шалгаруулалтад 90 хүртэлх насны 400-аад ахмад оролцов.
Ахмадын нэгдсэн зөвлөлд Эрдэнэт үйлдвэрээс гавьяаны амралтдаа гарсан 2000 гаруй өндөр настан харьяалагддаг. Ахмадын нэгдсэн зөвлөлөөс тэдний чөлөөт цагт зориулан олон талт хөтөлбөр, арга хэмжээ зохион байгуулдаг бөгөөд тэдгээрийн нэг нь энэхүү “Мөнхийн залуу нас” бүжгийн тэмцээн юм. Мөн долоо хоног бүрийн мягмар гаргийг “Дуулах өдөр” дуун цэнгүүний өдөр болгожээ.
М.Балжинням

