Олон улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр, Эх үрсийн баярыг тохиолдуулан Орхон аймгийн Эмэгтэйчүүдийн зөвлөлийн санаачилгаар ахлах ангийн сурагчдын дунд “Ертөнц” ток шоу Соёл урлагийн цогцолборын Их танхимд боллоо. Хүүхдүүдээ сонсох, тэдний чин сэтгэлийн үгийг аав ээж, багш нар гээд хамгийн ойрын хүмүүст нь хүргэх гүүр болох зорилготой уг шоуг чөлөөт уран бүтээлийн “ETV” телевиз, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Олон Нийттэй Харилцах Албаны “Эрдэнэт” телевиз хамтран зохион байгуулж, тус телевизийн сэтгүүлч Б.Мөнгөнтуяа, А.Батбаяр нар хөтлөв.
Анхны хайрын нандин дурсамжаар эхэлсэн тус шоуны хүндэт зочид нь Орхон аймгийн Засаг дарга, Хүүхдийн зөвлөлийн дарга Д.Батлут, Орхон аймгийн Эмэгтэйчүүдийн Зөвлөлийн тэргүүн, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын Санхүү, эдийн засаг хариуцсан орлогч Д.Үүрийнтуяа болон хошин урлагийн Эмоци продакшны жүжигчин, СТА С.Тэмүүжин, жүжигчин Ч.Очгэрэл, “3 сая инээд” шоугаар үзэгчдийн танил болсон зураглаач Б.Жамьяндорж, дөнгөж шинээр нээлт хийгээд буй “100 жилийн эморол” уран сайхны киноны уран бүтээлчид байлаа. Тэд хүүхэд насны гэгээн сайхан дурсамж, анхны хайрын мартагдашгүй дурдатгалаасаа хуваалцаж, шоунд оролцогч хүүхдүүдийн асуултад хариуллаа.
“Насанд хүрэгчид, аав ээж бүхэн хүүхдийнхээ зүрх сэтгэлийг ойлгож, тэдний ертөнцийг нээж, илэн далангүй ярилцаж байвал ямар нэг үл ойлголцол гарахгүй. Хүндрэл бэрхшээлээ ярилцаж, түүнийг даван гарах замыг хамтдаа нээснээр хүүхэд зөв хүн болж төлөвших боломж нээгдэнэ. Өөрсдийнхөө туулж өнгөрүүлсэн хүүхэд насаа одоо үеийнхэнтэйгээ харьцуулж, үргэлж дотны зөвлөгч нь байж, хайрлаж яваарай” гэсэн санамжийг энэ шоугаар өгөхийг зорьсон гэж Орхон аймгийн Эмэгтэйчүүдийн зөвлөлийн дэд тэргүүн Ц.Ариунаа шоуны зорилго, ач холбогдлын талаар ярив. Ийнхүү Эрдэнэтийн ирээдүй болсон хүүхдүүд нэг өдөр томчуудтай хамт байж, тэдний сургаал зөвлөмжийг сонсохын зэрэгцээ хүндэлж явдаг жүжигчидтэй харилцан ярилцаж, хөгжилтэй өнгөрөөлөө.
М.Балжинням
Фото Б.Баттөгс










