Агентлагууд мэдээллийн бодит эсэхийг шалгадаг мэргэжлийн багтай болж эхэлжээ

2019-06-14 748 0

 Болгар улсын Софи хотноо 6 дугаар сарын 13-15-нд болж буй Дэлхийн мэдээллийн агентлагуудын 6 дугаар их хурал мэдээний агентлагуудын хөгжлийн загвар, шинээр бий болж буй орлогын эх үүсвэрүүд, хуурамч мэдээлэлтэй хэрхэн тэмцэх вэ, хиймэл оюун ухааныг мэдээлэлд ашиглах боломж зэрэг асуудлуудыг хөндөн ярилцаж байна.

Өмнөд Африкийн ANA агентлагийн захирал Грант Фредерикс тус агентлагаас гаргаж буй мэдээллүүд үндсэндээ хөрөнгө оруулалт татахад чиглэдэг гэсэн бол Шведийн ТТ агентлагийн захирал Жонас Эрикссон, аливаа мэдээллийн агентлагийн амжилттай ажиллах үндэс нь санхүүгийн бие даасан байдлаа хангах явдал. Үүний тулд мэдээнд нэмүү өртөг шингээх замаар ашиг олж, энэ ашгаасаа хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй гэв. Чехийн СТК агентлагийн захирал Жири Майжстр, 1990 онд Чехословак улс Чех, Словак болж хоёр хуваагдахад агентлагийн үйл ажиллагаа уналтын байдалд орсон ч тодорхой хугацааны дараа хэвийн болсон. Одоо тус агентлагийн удирдах зөвлөлийг парламентын доод танхимаас 7 хүний бүрэлдэхүүнтэй сонгож, удирдах зөвлөл нь ерөнхий захирлыг томилох байдлаар ажилладаг. Удирдах зөвлөлд ямар нэгэн байдлаар улс төрийн үйл ажиллагаа эрхэлдэг хүнийг оруулдаггүй гэж ярив. Харин Португалын LUSA агентлаг нь 1997 онд улсын болон хувийн хоёр агентлаг хамтарснаар байгуулагджээ. Одоо тус агентлагийн 51 хувь нь улсын мэдэлд, 49 хувь нь хувийн мэдэлд байдаг аж. Улсаас ерөнхий захирлыг томилдог ч редакцийн бодлогын үйл ажиллагаанд оролцдоггүй, бие даасан хараат бус үйл ажиллагаа явуулж чаддаг байна.

Индонезийн АНТАРА агентлаг Засгийн газрын дэргэдэх агентлаг ч төсвийнхөө 30 хувийг улсаас авдаг, бусад орлогоо медиа байгууллагуудтай гэрээ байгуулж мэдээллээ борлуулах, зар сурталчилгаа явуулах зэрэг замаар олдог ажээ.

84 жилийн өмнө байгуулагдсан Австралийн AAP агентлаг бол хөрөнгө оруулагчиддаа ашиг олж өгөх үүрэгтэй. Орлогынхоо талаас илүү хувийг хөрөнгө оруулагчиддаа өгдөг. Зар сурталчилгаанд зориулсан зорилтот мэдээллүүд бэлтгэх, хөтөч-тайлбарлагчийн болон илтгэгчийн үйлчилгээ үзүүлэх зэргээр орлого олдог байна. Их Британийн Ройтерс агентлаг мэдээллээ төрөлжүүлэн тодорхой бүлэгт зориулсан зорилтот контент бүтээх замаар орлого олохыг эрмэлзэж байгаа аж. Японд сонины зах зээл ашгаа өгсөн хэвээр байгааг Киодо агентлагийн Олон улсын харилцааны газрын захирал Какуяа Огата хэлэв. Киодо агентлаг салбар компани олонтой, тэд нь нийгмийн мэдээллийн сүлжээнүүдтэй хамтран контент бэлтгэж орлого олдог байна.

АНУ-ын АР агентлагийн Африк, Европын мэдээлэл хариуцсан захирал Анна Жонсон тус агентлаг нь хуурамч мэдээллийг шалгаж нягталдаг өөрийн гэсэн багтай болсон, Facebook компанитай энэ чиглэлээр хамтран ажиллаж байгаа гэв. Тэрбээр мэдээлэл худал байх тусмаа өргөн хүрээг хамарч түргэн тардаг онцлогтойг дурдаад мэдээллийн агентлагууд мэдээний хуурамч эсэхийг шалгадаг маш сайн баг бий болгох хэрэгтэй хэмээн зөвлөв.

Энэтхэгийн Ашока их сургуулийн профессор Сидхарта Дюби, нийгмийн мэдээллийн сүлжээгээр тарж буй мэдээллийн тал хувь нь худал байдаг гээд Европт гэхэд 500 хуурамч мэдээлэл бэлтгэж тараадаг хүн байгааг онцоллоо.

Францын AFP агентлагийн тусгай төсөл хариуцсан ерөнхий редактор Эрик Вишарт мэдээллийн агентлагууд худал мэдээллийг нягтлан шалгадаг сүлжээ байгуулах замаар хамтран ажиллаж байж амжилтад хүрнэ гээд энэ талаар тус агентлаг тодорхой ажлууд хийж байгааг танилцууллаа. Тус агентлаг мэдээллийг нягтлан шалгадаг багтай, түүгээрээ тодорхой хэмжээний орлого олдог аж. Тухайлбал, Facebook компани тус агентлагаар мэдээллээ нягтлан шалгуулсны төлөө төлбөр төлдөг байна. Мөн тус агентлаг Хонгконгийн Сэтгүүлзүйн их сургуультай хамтран сэтгүүлчдийг чадавхжуулах чиглэлээр сургалт зохион байгуулдаг юм байна.

Нью-Йоркийн Коломбийн их сургуулийн профессор Томас Кент ч худал мэдээллийг тараахгүй байхын тулд агентлагууд мэдээллийн үнэн бодитыг шалгадаг багтай байх ёстой. Агентлагууд хүчээ нэгтгэн хамтран ажиллавал энэ чиглэлээр тодорхой амжилтад хүрэх боломжтой болохыг онцоллоо.


Софи /МОНЦАМЭ/.

Холбоотой мэдээ