Өнгөрөгч мягмар гарагт бид үйлдвэрлэлийн технологийн булингыг барьцалдуулагч бодистой хольж, хатуу гадаргуу үүсгэн цагаан тоос дарж байгаатай газар дээр нь танилцсан юм. Энэ технологийн талаар Эрдэнэт үйлдвэрийн БОНХХ-ийн дарга О.Эрдэнэтуяагаас тодрууллаа.
– Хүнд даацын техникээр далангийн захаас шүрших, барьцалдуулагч бодис ашиглах аргаар цагаан тоос дарж байна. Эхлээд та мэргэжлийн хүний хувьд үйлдвэрлэлд нэвтрүүлсэн энэ технологийн талаар тайлбарлана уу?
– Цагаан тоосыг гурван аргаар дарж байна. Нэгдүгээрт, хаягдал булингыг дарагч бодистой барьцалдуулан талбайг норгож байна. Өөрөөр хэлбэл дарагч бодис маань нарийн ширхэгтэй элсийг барьцалдуулж өгдөг, физик шинж чанартай. Энэ аргаар бид 543 га газрын тоосыг дарлаа. Хоёрдугаарт, тоос дарагч бодисыг устай хольж тоостой талбайд цацах арга хэрэглэж байна. Уг аргыг хэрэглэхийн тулд зориулалтын техник ашиглана. Нуурын шаварт суучхааргүй зориулалтын техник захиалсан. Удахгүй ирнэ. Дараагийнх нь үйлдвэрлэлийн технологийн аргаар нь талбайг норгож байна. Өнөөдрийн байдлаар Хаягдлын аж ахуйн тоос босож буй 543 га талбайн цагаан тоосыг дарагч урвалжаар, 300 га талбайн цагаан тоосыг үйлдвэрлэлийн технологийн аргаар дарсан. Үлдсэн 200 гаруй га талбайд зуны хаялга өгөхтэй холбогдуулан цагаан тоос дарах ажил хүлээгдэж байгаа.
– Барьцалдуулагч бодисын хүрэлцээ хэр байгаа вэ?
– Одоогоор 40 тонн нөөцтэй байна. Олон төрлийн барьцалдуулагч бодис байдаг. Бид үйлдвэрлэлийн технологийн процесст огт нөлөөгүйг нь сонгосон.
– Өмнө нь цагаан тоос дарах үйлдвэрлэлийн ямар технологи нэвтрүүлж байсан бэ? Цаасны үйлдвэрийн хаягдал лигнин хэмээх бодис хүртэл ашигласан санагдана?
– Өвлийн улиралд хөрсөөр дардаг байсан. Энэ нь маш сайн арга. Ер нь тоос босохгүй шүү. Онцлог нь өвөлжин ажиллана. Хүн, хүч, техник, зардал их ордог. Гэвч ажлын үр дүн сайтай. Хөрсөөр дарах ажил өвлийн улиралд хийгддэг байсан. Баяжуулах үйлдвэрийн Хаягдлын аж ахуйд цагаан тоос дарах алба байгуулсан. Энэ албаны хүмүүс шинэ тоног төхөөрөмж ажиллуулна. Өөрөөр хэлбэл жилийн дөрвөн улиралд цагаан тоос дарах ажлыг гүйцэтгэнэ.
– Ажлын хүндрэл бэрхшээл гарах юм уу?
– Далангийн дагуу хэсгийн 200 гаруй га газарт бид хүрч ажиллаж чадахгүй байна. Энэ далангийн хэсэг өвөл хөлддөг. Тэгэхээр энэ нь үйлдвэрлэлийн тодорхой стандартын хэмжээнд хүртэл гэсэх ёстой. Гэсээгүй тохиолдолд цагаан тоос дарах үйлдвэрлэлийн технологи нэвтрүүлбэл далангийн тогтвортой байдалд нөлөөлөх аюултай. Иймд далангийн аюулгүй байдлыг хариуцдаг хүмүүс үйлдвэрлэлийн зуны хаялга өгөх үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрөхгүй байгаа. Одоо уг далангийн тоос дарах ажил хүлээгдэж байна.
– Нийгмийн хариуцлагын хүрээнд байгалийн нөхөн сэргээлтийн ямар ажил хийхээр төлөвлөөд байна вэ?
– 2019 онд Баян-Өндөр ууланд дүйцүүлэх нөхөн сэргээлт хийнэ. Одоогоор бид 120 модны хожуул цэвэрлэж, аймгийн Байгаль орчны газрын хашаанд буулгалаа. Хожуулын нүхийг хар шороон хөрсөөр дүүргэж тэгшилсэн. Энд 900 гаруй мод тарина. Ил уурхайн гуравдугаар овоолгын дор хоёр га газар нөхөн сэргээлтийн ажил эхлүүлээд байна. Ногоон төгөлд шинээр 500 мод тарилаа.
Т.БАТЧУЛУУН