Нийт хүүхдийн 85 хувь нь хүүхдийн мөнгө авах хүсэлт гаргажээ. Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр Төрийн ордонд болсон Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн хурлын үеэр, тэдгээр хүүхдэд тэтгэмжийг ирэх сарын 01-нээс олгохыг албаныханд даалгав.
Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн өнөөдрийн хурлаар, тус зөвлөлийн энэ жилийн төлөвлөгөөний биелэлттэй танилцаж, ирэх оны төлөвлөгөөг баталсан юм. Гишүүдээс гарсан санал, дүгнэлтийг сонссоны дараа Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүн, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх тус зөвлөлийн гишүүд, яам, агентлагийн удирдлагуудад үүрэг даалгавар өгсөн. Тухайлбал, хууль ёсоор үрчлүүлсэн 16 хүртэлх насны бүтэн өнчин хүүхдэд сар бүр олгох тэтгэмжийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй дүйцүүлэх боломжийг судалж, ирэх оны төсөвт тусгахыг үүрэг болгосон. Үүнд хүчирхийлэлд өртөж, сэтгэл санаа, бие махбодийн хохирол учирсан болон асаргаа шаардлагатай 16 хүртэлх насны хүүхэд мөн хамаарах юм.
Тэрээр хүүхдийн зуслангийн хууль бус хувьчлал, зуслангийн газар эзэмшлийн шийдвэрийг эргэж харах шаардлагатай байгааг онцолсон.
Тухайлбал, олон улсын хүүхдийн “Найрамдал” зуслан анх 5220 га газартай байсан. Одоо 1200 га газар үлдсэн байна гэж Ерөнхий сайд хэллээ.
Тэрбээр, “Хүүхдийн гэсэн нэр, хаягтай бүхнийг булааж авсан олигархуудтай тэмцэх учиртай” хэмээн онцолж, “Найрамдал” зуслангийн газрыг хууль бусаар өмчилснийг судлан тогтоож, буцаан олгох дүгнэлт боловсруулж Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг БОАЖЯ болон нийслэлийн удирдлагуудад үүрэг болгов.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх хуралд оролцсон албан тушаалтнуудад дараах ажлыг хэрэгжүүлэхийг даалгасан юм.
-Сургууль бүрт хүүхдийн оролцооны танхим байгуулж, клуб, дугуйлан хичээллүүлэх,
-Үндэсний цөөнх болон хэлний цөөнх хүүхдийн сурч боловсрох, ялангуяа, төрийн албан ёсны хэлээр боловсрол эзэмших, аливаа хэлбэрийн ялгаварлан гадуурхалтаас ангид байх эрхийн хэрэгжилтэд үнэлгээ хийж, зөвлөмж хэрэгжүүлэх,
-Сургууль, цэцэрлэгт хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан дэд бүтэц бий болгох,
-Эрүүл мэндийн яам хөгжлийн бэрхшээлийг эрт илрүүлэх, оношлох, эмчлэх, нарийн мэргэжлийн эмч, хөдөлгөөн засалч, согог засалч бэлтгэж, мэргэшүүлэх,
-Эрүүл мэндийн даатгалын сангаас олгож буй эмчилгээ, үйлчилгээний зардлын жагсаалтад хүчирхийлэлд өртсөн хүүхдийн MRI шинжилгээ, бэлгийн хүчирхийллийн хохирогч хүүхдийг нөхөн сэргээх эмчилгээний зардлыг тусгах,
-Аймаг, дүүргийн өсвөр үеийн кабинетийн эмч нарыг чадавхижуулах, охид, хөвгүүд сайн дураар үзлэг шинжилгээнд хамрагдах, зөвлөгөө авах боломж бүрдүүлэх,
-Хүчирхийлэлд өртсөн, эцэг эх, асран хамгаалагч нь асран халамжлах боломжгүй, асаргаа сувилгаа шаардлагатай 0-3 насны хүүхдэд хүүхэд хамгааллын болон эрүүл мэндийн нөхөн сэргээх үйлчилгээг шуурхай үзүүлэх учиртайг Ерөнхий сайд үүрэг болголоо.

Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн дэд тэргүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг ноднингийн төлөвлөгөөний биелэлт болон цаашид хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг танилцуулав.
Хүүхдийн эрхийн 16 төрлийн зөрчлийг шалган шийдвэрлэх албан хаагчдыг бэлтгэж, эрх олгон ажиллуулж эхэлжээ. Ингэснээр ноднин 181 зөрчил илрүүлсэн бөгөөд зургаан иргэний эцэг эх байх эрхийг хязгаарлаж, 24 иргэнд торгууль оногдуулсан байна.
Гэсэн ч одоо мөрдөж байгаа Зөрчлийн тухай хуульд хүүхдийн эрхийн зөрчлийг хянан шийдвэрлэх чиг үүрэг хязгаарлагдмал байгааг ХНХ-ийн сайд хэлсэн. Тиймээс НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран судалж, хүүхдийн эрхийн эсрэг 88 зөрчлийг шинээр Зөрчлийн хуульд нэмж тусгахаар ажиллаж байгааг дурдлаа. Мөн байнгын асаргаатай, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ гэртээ асарч, хөдөлмөр эрхэлж чадахгүй байгаа эцэг, эхийг дэмжиж, нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийг амьжиргааны баталгаажих доод түвшинд, цаашлаад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнд хүргэх бодлогыг хэрэгжүүлж, үе шаттай нэмэгдүүлнэ гэж мэдээлэв.
Мөн хурлын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2019-2020 оныг “Хүүхдийн хөгжил, хамгааллын жил” болгон зарлах тухай зарлигийг танилцуулав.