Соёл, урлагийн газарт “Циркийн урлаг- Хамтын ажиллагаа” зөвлөгөөн болж байна. 78 жилийн түүхтэй циркийн урлагийн салбар өнөөдөр царцанги байдалд орж, уран бүтээлчид нь дэлхийн өнцөг булан бүрт таран ажиллаж явааг хөндсөн асуудлаар зөвлөгөөн эхлэв. Гадаад харилцааны яамнаас Монгол Улсыг дэлхийд сурталчилсан урлаг соёлын сурталчилгаанд циркчдийг урьж тоглуулахыг хүсдэг ч тэд дотоодод олддоггүй, гадаадад бүр хаяггүй байдгийг ГХЯ-ны ГССХГ-ын захирал Х.Мандахцэцэг онцлов.

“Циркийн урлаг бол хил хязгааргүй. Гадаадад байдаг циркчид үргэлж аялан тоглолттой, нүүдэллэж явдаг байх. Монгол Улсыг гадаадад сурталчилсан урлаг соёлын ажиллагаанд Монголын нэг ч цирк бүртгэлгүй байгаа нь үүнтэй холбоотой. Нөгөө талаас циркийн уран бүтээлчид тухайн оронд Монгол Улсаа төлөөлөн суугаа Элчин сайдын яамтайгаа харилцан холбоотой байх шаардлагатай байна. Гадаад харилцааны яамнаас циркийн уран бүтээлчдийг дэмжих асуудалд хамтран ажиллахад үргэлж нээлттэй байна” гэлээ.
Гадаад харилцааны яамнаас гаргасан судалгаагаар, Монгол Улсыг сурталчлах урлаг соёлын ажил, тоглолт сүүлийн гурван жилийн байдлаар нийт 350 удаа болжээ. Харамсалтай нь, энэ бүхэнд Монголын нэг ч цирк, уран бүтээлчид бүртгэгдээгүй аж. Яагаад гэвэл, дэлхийн 47 улс оронд Монгол Улсыг төлөөлөн суугаа Элчин сайдын яаманд Монгол циркчдийн бүртгэл байдаггүй аж. Циркийн төлөөллүүд Монголд циркийн урлагийг толилуулах орчин нөхцөл нь бүрдээгүй, цалингүй, тоглолтоос олсон ашгаараа ажилладаг учраас гаднын улс орнуудад ажиллахаас өөр аргагүй болсон гэдгээ ч ярив.

“Шинэ цирк” төвийн захирал Д.Зоригт:
-Циркийн тулгамдсан асуудлыг “Соёлын өвийн тухай хууль”-д тусгамаар байна. Циркийг харьяалалтай болгох шаардлагатай. Өнөөдрийн байдлаар, 40 гаруй циркийн продакшн, хамтлаг байна. Тэднийг нэгтгэх, хөдөлмөр хамгааллын аюулгүй байдал, орчныг сайжруулах, циркийн хөгжлийг дэлхийн хэмжээнд хүргэх асуудлыг өнөөдөр сайн хэлэлцэе. Монголын циркийн уран бүтээлчдийн ихэнх нь дэлхийн цирк, зочид буудлын захиалгаар тоглож, бас ажиллаж байна. Нүүдлийн шувуу шиг гаднын орнуудыг зорьж, Монголдоо уран бүтээлчгүй болох нь. АНУ, Франц, Англи, Токиод зэрэг улс орнуудад монголчууд циркийн студи байгуулах болсон. Тиймээс циркийн салбарыг Монголдоо харьяалалтай болгоход төрөөс анхаарах хэрэгтэй. Циркийн уран бүтээлчид уран нугаралт, акробат гэх мэт цөөн хэдэн үзүүлбэрээрээ л дэлхийд амжилт үзүүлж байгаа болохоос биш цогц үзүүлбэр агаарын номер, амьтны цогц үзүүлбэр, илбийн гайхамшигт үзүүлбэрээр амжилт гаргах боломжгүй байгаа. Өнөөдөр Монголд бүрэн хэмжээний циркийн тоглолт болохоо больсон нь тоглолтын байргүйтэй холбоотой.

Төрийн шагналт, ардын жүжигчин Б.Норовсамбуу:
– Шавь сургалтаар циркийн онцгой төрөл, зарим номерт шаардагдах үзүүлбэрүүдэд боловсон хүчнийг төрийн бодлогоор бэлддэг байсан. Одоо бол шавь сургалт зөвхөн уран нугаралт, зарим номеруудын хамтлагуудаар бэлтгэгдэх хандлагатай болж. Шавь сургалтаар уран бүтээлчдийг бэлтгэх нь Циркийн урын сантай холбогдох ёстой. Өнөөдөр Монголын циркийн урын сангийн бодлого алдагдсан. Циркийн боловсон хүчнийг ЗХУ-д бэлтгэдэг байсан. Монголын циркчид жил бүр баяр ёслол, улиралд тоглолтын программыг төлөвлөдөг байсан нь ч алдагдсан. Шалтгаан нь циркийн уран бүтээлчид нэг ч төгрөгийн цалингүйгээс амьдрахын эрхэнд гаднын орнуудад аялан тоглолт хийж байна. Гэтэл циркт томоохон тоглолт хийе гэхэд тэднийг цалинжуулах албан газар байхгүй. Төв циркт тоглоё гэхэд байргүй. Жишээ нь, би 2017 онд багшийнхаа 90 жилийн ойг тэмдэглэх хүрээнд тоглолтын томоохон хөтөлбөр гаргая гэхэд тоглолтод зориулж сургуулилт хийх байр хоёр хоногийн л хугацаатай өгч байгаа юм. Гэтэл циркийн урлаг орон зай хэрэгтэй урлаг. Харамсалтай нь шаардлагатай байгаа энэ орон зай алга байна шүү дээ. Монголд циркийн урлагийг дэмждэг, мэддэг хүнгүй болжээ. Төрөөс циркийн салбарт анхаарлаа хандуулж, дэмжиж ажиллаасай гэж хүсэж байна.
Соёл урлагийн газрын Урлаг уран бүтээлийн хэлтсийн дарга Г.Батхуяг:
– Циркийн уран бүтээлчдийн 90 хувь нь гаднын улс орнуудад тоглолт хийж, ажилладаг. Өнөөдрийн зөвлөгөөнөөр үүнийг олон хүн ярьж байна. Төрийн соёлын бодлогод циркийн салбарт тулгамдаж буй асуудал, циркийн хүний нөөц, хөдөлмөрийн аюулгүй байдал, шавь сургалт, цаашид энэ салбарыг хөгжүүлэхэд төрийн болон хувийн хэвшлүүдийн хамтын ажиллагааг уялдуулах хэрэгтэй. Циркийн холбоодыг нэгтгэж, уран бүтээлчдийн нэгдсэн бүртгэлийн санг яаралтай бий болгох хэрэгтэй. Өнөөдрийн байдлаар, дотоодын хэдхэн уран бүтээлчдийн мэдээллээс өөр бүртгэл алга байна. Цирк 1990 он хүртэл төрийн өмчийн харьяалалтай байсан бол зах зээлийн шинэчлэлтийн үеэр хувьчлагдсан. Үүнээс хойш циркийн уран бүтээлчид хувийн студи, продакшн бий болж, маш олон холбоод байгуулагдсанаар нэгийгээ дэмжих биш үгүйсгэх хандлагатай болсон. Энэ асуудлыг “Циркийн урлаг-Хамтын ажиллагаа” сэдвээр зөвлөлдөж бодлогоо тодорхойлох боломж бүрдлээ” гэв. Зөвлөгөөн үргэлжилж байна.