Монголбанк болон Хадгаламжийн даатгалын корпорацийн удирдлагууд дөнгөж сая мэдээлэл хийж, Капитал банкийг татан буулгах шийдвэр гаргаснаа мэдэгдлээ. Мэдэгдлийг Монголбанкны Хяналт шалгалтын газрын захирал Н.Батсайхан, Хадгаламжийн даатгалын корпорацийн Х.Бум-Эрдэнэ нар хийлээ. Үндэслэл нь, Төв банкнаас хийсэн хяналт шалгалтын үр дүнгээр банкны нийт актив, пассивын хэмжээ зохистой харьцааг хангаагүй байна.
Тодруулбал, Монголбанкнаас Төв банк (Монголбанк)-ны тухай, Банкны тухай хуулийн дагуу “Капитал банк” ХХК-д зохих арга хэмжээг авсан хэдий ч биелэлт хангагдахгүй, улмаар хадгаламж эзэмшигч, харилцагч болон мөнгөн төлбөрийн шаардах эрх бүхий этгээдийн мөнгөн хөрөнгийг тэдний анхны шаардлагаар гарган өгч чадахгүй, банк хоорондын төлбөр тооцооны гүйлгээг саатуулж, банкны заавал байлгах нөөц, төлбөр түргэн гүйцэтгэх чадвар, банкны зохистой харьцааны шалгуур үзүүлэлтүүдийг хангаж чадахгүйд хүрч, тус банк цаашид хэвийн үйл ажиллагаа эрхлэх чадваргүй болсон тул Монголбанкнаас 2019 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр тус банкийг албадан татан буулгах шийдвэр гаргаж, үйл ажиллагааг нь зогсоолоо.
Тус банк нь 2019 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар 28 салбар нэгж, 165,257 харилцах данс эзэмшигч, 56,164 хадгаламжийн данс эзэмшигчтэй, активын хэмжээгээр банкны системийн 1.1 хувийг бүрдүүлж байна. Капитал банкны 99.97 хувь “Бишрэлт холдинг” ХХК-ийнх, 0.03 хувь нь “Чоно Финанс” ББСБ-ын эзэмшлийн юм байна. Албан ёсны мэдэгдлийг хавсаргав.
Мэдэгдэл
Төв банк (Монголбанк)-ны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэг, 28 дугаар зүйлийн 28.1.2 дахь заалт, Банкны тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1 дэх хэсгийг тус тус үндэслэн Монголбанкны Ерөнхийлөгчийн 2019 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн А-96 дугаар тушаалаар Капитал банкийг албадан татан буулгах шийдвэр гаргаж, банкны эрх хүлээн авагч томиллоо.
Дээрх шийдвэртэй холбогдуулан Хадгаламжийн даатгалын корпораци нь Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт үндэслэн Хадгаламжийн даатгалын Үндэсний хорооны 2019 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн 72 тоот тогтоолоор Капитал банкны хадгаламж эзэмшигчдэд нөхөн төлбөр олгох тухай шийдвэр гаргасан болно.
Капитал банкны харилцах, хадгаламж эзэмшигчдийн 20 хүртэл сая төгрөгийн мөнгөн хөрөнгө даатгагдаж, хамгаалагдсан байна. Хадгаламжийн даатгалын корпораци нь Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийн дагуу Капитал банкин дахь харилцах, хадгаламж эзэмшигчийн даатгалын нөхөн төлбөрийг Хаан банкаар дамжуулан олгохоор шийдвэрлэв.
Капитал банкны харилцагчид даатгалын нөхөн төлбөрийн тооцоолол, даатгалд үл хамаарах нөхцөлийн талаар 06.00-24.00 цагийн хооронд Хадгаламжийн даатгалын корпорацийн 11-370-000 лавлах утсаар холбогдон нэмэлт мэдээлэл авна уу.
МОНГОЛБАНК, ХАДГАЛАМЖИЙН ДААТГАЛЫН КОРПОРАЦИ