Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан өнөөдөр БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Жон Жэ Нам болон албаны хүмүүстэй уулзлаа. Улаанбаатар хотод ирэх наймдугаар сард зохион байгуулах Солонгосын соёлын өдрүүдийн талаар Элчин сайд нийслэлийн Засаг даргад танилцуулахдаа Солонгосын соёлын өдөр арга хэмжээг соёлын томоохон фестиваль болгож өргөжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлж, хотын зүгээс хамтарч ажиллах саналыг уламжиллаа. Элчин сайд соёлын өдрүүд арга хэмжээг өнгөрсөн жил БНСУ-ын Элчин сайдын яам, НЗДТГ, Монголд суугаа Солонгос иргэдийн холбоо хамтран зохион байгуулсан. Соёлын арга хэмжээ хоёр улсын төдийгүй, хоёр үндэстний хувьд чухал арга хэмжээ юм. Энэ жилийн хувьд Улаанбаатар хоттой ирэх жилээс Сөүл хоттой хамтарч тэмдэглэхээр томоор төлөвлөж байна гэв.
Хотын дарга “Манай хоёр орны найрамдалт харилцаа стратегийн түншлэлийн хүрээнд соёл урлаг, нийгэм, эдийн засгийн чиглэлээр амжилттай үргэлжилж байна. Орон сууц, дэд бүтцийн олон төсөл хөтөлбөрүүд та бүхний ажил хэрэгч санаачилгын хүрээнд амжилттай хэрэгжиж эхэлж байгаа. Улаанбаатар хот Сөүл хот болон Инчон, Пунсан, Намьянжү, Тэжон, Кёксанбук, Кёнги зэрэг хот, мужуудтай найрамдалт харилцаатай харилцан хамтын ажиллагаагаа өргөжүүлж ирсэн. Соёлын өдрүүд зохион байгуулах санаачилгыг бид бүх талаар дэмжиж ажиллана. Улаанбаатар хот үүсгэн байгуулагдсаны 380 жилийн ой энэ онд тохионо. Ойн баярын арга хэмжээг илүү бүтээлч, соёл урлаг, үүх түүхээ таниулсан, сэргээсэн, иргэдээ илүү оролцуулсан байдлаар зохион байгуулахаар ажиллаж байна. Энэ ажлын хүрээнд хийх нэг арга хэмжээ Солонгосын соёлын өдрүүд фестиваль гэж харж байна” гэв.
Монгол Улс, БНСУ-тай 1990 онд дипломат харилцаа тогтоосон, гуравдагч хөршийн найрсаг харилцаатай, олон улсын түвшинд ч бие биенээ харилцан дэмжиж ирсэн уламжлалтай. Хоёр улсын харилцаа Иж бүрэн түншлэлийн хүрээнд эдийн засаг, нийгмийн бүхий л салбарт өргөжиж байна. Улаанбаатар, Сөүл хотуудын хооронд Ах дүүгийн найрамдалт харилцаа тогтоосны 20 жилийн ойн хүрээнд талууд хамтран ажиллах санамж бичиг байгуулж улмаар Улаанбаатарын соёлын өдрүүд, Сөүлийн өдрүүд соёлын арга хэмжээг амжилттай зохион байгуулж иржээ.
Соёлын өдрүүдээр зөвхөн Солонгосын соёлыг сурталчлах бус, Монголын үндэсний болон орчин үеийн урлагийг сурталчлах, Солонгосын кино өдрүүд, монгол модель шалгаруулах, к-попоор залуучуудыг уралдуулах, хоёр орны бөхчүүд, тэквондогийн тамирчдын дунд нөхөрсөг тэмцээн зохион байгуулахаар төлөвлөжээ. Соёлын арга хэмжээний үеэр солонгос жуулчдыг Монголд олноор нь аялуулах хөтөлбөрийг одооноос Элчин сайдын яам Солонгос улсад хэрэгжүүлж эхэлжээ.