Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 12-р хорооны нутаг дэвсгэрт 16 мянган шоо метр талбай бүхий Япон-Монголын сургалтын эмнэлгийг ашиглалтад хүлээн авах ёслол өнөөдөр болов.

Нээх ёслолын үеэр АШУҮИС-ийн захирал Ж.Цолмон хэлэхдээ, “Монгол Улсын эрүүл мэндийн салбарын эмч, эмнэлгийн мэргэжилтний 90 гаруй хувийг бэлтгэн гаргасан АШУҮИС-ийн 76 жилийн түүхэнд өнөөдөр нэгэн чухал хуудас нээгдэж байна. 2012 онд анхны хэлэлцүүлэг өрнөж, Монгол Улсын Засгийн газар “Их сургуулийн эмнэлэг” барьж, ашиглалтад оруулахад буцалтгүй тусламж үзүүлэх хүсэлт бичгийг Японы Засгийн газарт хүргүүлж байсан тэр мөчөөс хойш 7 жил өнгөрч, АШУҮИС-ийн үе үеийн удирдлага, эрдэмтэн багш, ажилтан, төгсөгчдийн мөрөөдөл биеллээ олж буйд баяртай байна. Монголын эрүүл мэндийн салбарт ажиллаж буй мянга мянган төгсөгчдийнхөө өмнөөс Япон улсын Засгийн газар, ЖАЙКА, Канто констракшны хамт олон болон сайхан сэтгэлт Японы ард түмэнд гүнээ талархлаа илэрхийлье. Энэхүү сургалтын эмнэлэг нь оюутан, резидент, магистр, докторын сургалтыг эрхлэхээс гадна эрдэм шинжилгээ судалгааны төв болж нарийн төвөгтэй эмнэлгийн тусламж үйлчилгээг Япон улсын сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр АШУҮИС-ийн доктор, профессор, гадаадад мэргэшсэн эмч, эмнэлгийн мэргэжилтэн нар үзүүлэх бөгөөд Монгол Улсын эрүүл мэндийн салбарт шинэчлэл, шинэ технологийг бий болгон, чанартай, хүртээмжтэй тусламж үйлчилгээг иргэдэд хүргэх Их сургуулийн эмнэлэг болно гэдэгт итгэж байна” гэв.

Япон улсын буцалтгүй тусламжаар нийт 175 тэрбум төгрөгийн өртөг бүхий тус эмнэлэг зургадугаар сарын 17-ноос эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж эхлэх юм. Энэхүү эмнэлэгт 500 гаруй эмч, эмнэлгийн ажилтан ажиллан, профессор багш нар мэс засал, дотор, хүүхэд, эмэгтэйчүүд болон сэхээн амьдруулах, яаралтай тусламж зэрэг нийтдээ 17 чиглэлээр 1042 нэр төрлийн эмнэлгийн тусламж үйлчилгээг улсын нийт хүн амд үзүүлэх аж.

Тус эмнэлэг нь амбулатори, сургалтын хэсэг, лекцийн танхим, хурлын өрөө, номын сан, хэвтэн эмчлүүлэх зургаан тасгийн нийт 104 ортой гурван үндсэн хэсгээс бүрдэж байна. Японы талаас 360 гаруй нэр төрлийн тоног төхөөрөмж нийлүүлснээс хамгийн сүүлийн үеийн өндөр хүчин чадалтай MRI, CT, ангиограф зэрэг дүрс оношилгооны 5, лабораторийн бүрэн автомат 5 анализатор болон бусад тоног төхөөрөмж суурилуулжээ. Монголын талаас 2.7 тэрбум төгрөгийн тоног төхөөрөмж нийлүүлсэн байна.
Эмнэлэг ашиглалтад орсноор дэвшилтэт, өндөр түвшний эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлдэг болоод зогсохгүй, яаралтай тусламж үйлчилгээ, өнөөгийн Монголд эмчлэх боломжгүйд тооцогддог 26 өвчин /зүрх, судас, тархины өвчин эмгээг, хавдар/-ийг эмчлэх боломжтой болох юм. Түүнчлэн “Өвчтөн төвтэй эмнэлгийн тусламж үйлчилгээ”, “Эмнэлгийн тусламж үйлчилгээг багаар үзүүлэх” зэрэг япон маягийн эмнэлгийн менежмент хийх юм.
Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан хэлэхдээ, “Улаанбаатар хотод Олон улсын жишигт нийцсэн эрүүл мэндийн сургалтын эмнэлэг нээгдэж байгаад нийслэлийнхний өмнөөс сэтгэл өндөр байна. Энд суралцах боломжийг оюутан залууст олгосон, Монгол Улсын өөрчлөлт шинэчлэлтийн түлхүүрийг гартаа атгасан иргэд оршин суугчдад хөрөнгө оруулж буй ЖАЙКА олон улсын байгууллага, 1998 оноос хойш манай улстай стратегийн түншлэлээ хэрэгжүүлж бодитой үр дүн гаргаж байгаа Япон улсын Засгийн газарт баярлалаа. Нийслэлд тулгардаг агаар хөрсний бохирдол, замын түгжрэл, ажил, амьдралын хэмнэл болоод бусад хүчин зүйлээс шалтгаалан эрүүл мэндийн олон асуудал тулгарч байна. Бид эрүүл, боловсролтой, дэлхийд өрсөлдөх чадвартай монгол хүнийг бэлтгэх зорилготой. Тэрхүү зорилгын нэг хэсэг нь энэ байгууламж болж байна. Энэ эмнэлгээр дамжуулан олон залуус мэргэжил боловсролтой болж чадна. Тиймээс энд суралцах залууст болон удирдах багш ажилтнуудад улам их хариуцлага ногдож байна. Барилга барих нэг асуудал, тоног төхөөрөмж хэрэгсэлтэй байх, ажиллах өөр хэрэг. Тэдгээрийг зүй зохистой хэрэглэх менежментийн удирдлагатай байх чухал асуудал юм” гэв.

Өдөртөө амбулаториор 600, жилд 180 мянга гаруй, 4300 орчим хүнийг хэвтүүлэн эмчилж, ойролцоогоор 2300 орчим мэс засал, арав гаруй мянган дүрс оношилгоог гүйцэтгэхээр төлөвлөжээ.
Эмнэлгийн найдвартай үйл ажиллагааг хангаж, чанартай тусламж үйлчилгээг үзүүлэхийн тулд эмнэлгийг шат дараатай ашиглалтад оруулах юм. Энэ зун амбулаторийн дотрын тасгуудыг ашиглалтад оруулж эмнэлзүйн үйлчилгээг эхлүүлэх бол мэс заслын болон хэвтэн эмчлүүлэх тасгийг дараагийн шатанд хийж эхэлнэ. Яаралтай тусламжийн тасгийн үйлчилгээг 3 дахь шатанд ашиглалтад оруулна.
Ёслолд УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн, Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Масато Такаока, БСШУС-ын дэд сайд Г.Ганбаяр, ШУА-ийн ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл болон холбогдох албаны хүмүүс оролцлоо.







