“Бид уучлахгүй” цахим жагсаал зохион байгуулагчид Үндсэн хуулийн цэцэд хандлаа

2018-11-14 831 0

“Бид Уучлахгүй” цахим жагсаал зохион байгуулагчдын төлөөлөл болох Б.Мягмардорж, Б.Мөнхцэлмэг нар өнөөдөр УИХ-ын 12 гишүүн Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл авсан асуудлаар Монгол Улсын Үндсэн Хуулийн Цэцэд мэдээлэл гаргаснаа хүргүүллээ.

Тайванийн Үндэсний Формоса их сургуулийн Монгол оюутнууд ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас нэр бүхий гишүүд өөрийн ажил, албан тушаалын давуу байдлаа ашиглан өөрийн болон өөрийн хамаарал бүхий эсвэл нэгдмэл сонирхолтой этгээдийн компанид зээл авсантай холбоотой “Бид уучлахгүй” цахим жагсаалыг эхлүүлсэн.

Нэр бүхий 12 гишүүн тус бүр дээр ЖДҮХС-аас хөнгөлөлттэй зээл авсан үйл ажиллагаа нь Үндсэн хууль зөрчсөн эсэх, түүнийг УИХ-ын гишүүнээс эгүүлэн татуулах үндэслэл үүссэн эсэх талаар дүгнэлт гаргуулахаар мэдээлэл гаргаад байна

Жагсаалд олон оронд сурч, ажиллаж буй залуус нэгдэж буй бөгөөд тэд ЖДҮ-тэй нэр холбогдсон гишүүд улс төр, ёс зүй, хууль зүйн хариуцлага хүлээх шаардлагатай гэж үзэж байгаа юм.

“Бид уучлахгүй” цахим жагсаалыг зохион байгуулагчдын нэг Б.Мягмардорж “Бид аливаа улс төр болон ашиг сонирхлоос ангид. Тиймээс бид фэйсбүүк хуудсандаа цахим жагсаал зохион байгуулагчдын мэдээллийг нээлттэй тавьсан.

Бид өнөөдөр энэ асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргаж байна. Тодруулбал, Үндсэн хуулиар иргэдэд олгосон эрхийнхээ хүрээнд УИХ-ын гишүүний үйл ажиллагаа нь Үндсэн хууль зөрчсөн эсэх талаар дүгнэлт гаргуулах, хэрэв зөрчсөн бол энэ үндэслэлээр гишүүдийг эгүүлэн татах үндэслэл байгаа эсэхийг тогтоолгохоор хандаж байна.

Уучлалт гуйна гэдэг ёс зүйн хариуцлага биш. Ёс зүйн хариуцлага гэдэгт сануулах, УИХ-аар хэлэлцэх, холбогдох байгууллагад шилжүүлэх, дэгийн тухай хууль зөрчсөн бол энэ дагуу нь хариуцлага хүлээлгэх гэх мэт дөрвөн төрлийн арга хэмжээ авдаг. Уучлалт гуйгаад л ёс зүйн хариуцлага хүлээчихнэ гэж ойлгож болохгүй.

Маргаан үүсгэхгүй бол бусад холбогдох байгууллагуудад хуулийн дагуу хүсэлт, өргөдөл, шаардлагаа хүргүүлнэ” гэсэн юм.

Уучлалт гуйна гэдэг ёс зүйн хариуцлага биш

Тэд нэр бүхий 12 гишүүн тус бүр дээр ЖДҮХС-аас хөнгөлөлттэй зээл авсан үйл ажиллагаа нь Үндсэн хууль зөрчсөн эсэх, түүнийг УИХ-ын гишүүнээс эгүүлэн татуулах үндэслэл үүссэн эсэх талаар дүгнэлт гаргуулахаар мэдээлэл гаргаад байгаа юм байна.

Цахим жагсаал зохион байгуулагчид мөн УИХ-ын Ёс зүйн дэд хороогоор хэлэлцэх хүсэлтийг УИХ-ын даргад хүсэлт гаргаснаа өнөөдөр хүргүүлж байгаа юм.

Тайваний их сургуулийн оюутнууд эхлүүлсэн цахим жагсаалын үндсэн зохион байгуулагчаар 12 хүн ажиллаж байгаа бөгөөд ЖДҮ-тэй нэр холбогдсон гишүүдэд хариуцлага тооцуулахаар тууштай тэмцэнэ гэдгээ хэлж байна. Тэд зөвхөн уриалга гаргаад зогсохгүй иргэд уруу чиглэсэн мэдээлэл түгээх ажлыг хийж байгаа юм.

Холбоотой мэдээ