Ч.Хүрэлбаатар: Ипотекийн зээлээр орон сууц худалдан авсан татвар төлөгчид хөнгөлөлт эдлэнэ

2019-03-27 740 0

УИХ өнгөрсөн баасан гарагт Татварын багц хуулийг баталсантай холбогдуулан Сангийн сайд Ч.Хүрэлбаатар өнөөдөр дээрх хуульд оруулсан шинэчлэлтүүдийн талаар мэдээлэл хийлээ.

Тэрээр мэдээллийнхээ эхэнд, эдийн засаг, бизнесийн харилцаа төрөлжиж даяарчлагдаж буй өнөөгийн нөхцөлд татварын хууль тогтоомжийг улам тодорхой болгож, хөгжлийн хурдацтай уялдуулан шинэчлэх зайлшгүй шаардлага зүй ёсоор гарсныг онцлоод, “Дэд бүтцээр зүйрлэх юм бол бид нөхөөстэй хуучин замыг засаж янзалсантай адил шинэчлэл хийсэн”-ээ мэдэгдэв. Тухайлбал, “Жилийн 50 сая төгрөг хүртэл борлуулалтын орлоготой, НӨАТ суутган төлөгч биш татвар төлөгч нь жилд нэг удаа тайлан гаргаж, нийт борлуулалтын орлогын нэг хувиар орлогын татвар төлөх” гэсэн заалт нь татвар төлөгчдөд хялбаршуулсан горимыг сонгон хэрэглэх боломж олгож байна” гэв. Өөрөөр хэлбэл, 10 сая төгрөгийн борлуулалтын орлоготой байлаа гэхэд, жилдээ 100 мянган төгрөгийн татвар төлөөд явах бүрэн боломжтой болсон. Ийм ААН-ийн тоо өнөөдөр улсын хэмжээнд 34.387 байгаа гэв.

Дараагийн, “Жилийн 300 сая хүртэл орлоготой ААН-үүд татвараа жилд хоёр удаа тайлагнаж, ашгийн нэг хувиар татвар төлнө” гэсэн заалт хуулийн хэлэлцүүлгийн явцад орж ирсэн бөгөөд энд нийт 47 867 ААН хамрагдахаар байгааг онцлов. Мөн жилийн 300 саяас 1.5 тэрбум хүртэл борлуулалттай ААН-үүд жилд 4 удаа тайлангаа гаргадаг байсан бол хоёр удаа болгож хөнгөвчиллөө. Нэг ёсондоо хөнгөлөлтийн горимуудыг сонгох боломж бүрдүүлсэн гэв. Мөн 15-25 хувийн татвар төлөх босго хэмжээг гурван тэрбум байсныг 6 тэрбум төгрөг болгон өсгөсөн. Ингэснээр ААН-үүд томорч, жижигрэхгүй байх боломжийг бүрдүүлж байна. Энд 164 мянган ААН орж байна. Харин татвар ногдуулах орлогынхоо 10 хувиар татвараа төлөөд 90 хувиа буцаан авах ААН-ийн тоо бидний тооцоолсноор 54.943 байна. Татварын тайлангаар гарсан алдагдлыг албар харгалзахгүйгээр 4 жилд шилжүүлж тооцохыг зөвшөөрсөн гэв.

Цаашлаад шинэчилсэн хуульд:

  • Илүү төлсөн татварыг дараагийн улирал руу нь шилжүүлдэг байсан бол одоо шууд буцаан олгохоор тусгасан, 
  • Мөн татварын байцаагч нарын хариуцлагыг нэмэгдүүлж, байцаагч ААН, иргэнийг дарамтлах, хуулиар далайлгасан нь тогтоогдвол төрийн албанд ажиллах эрхийг нь 10 жилээр хасахаар заасангэв.

Түүнээс гадна хууль батлахтай зэрэгцэн ээж, аавынх нь өрийг үр, хүүхэд нь төлөх заалтыг шинэ хуульд оруулсан гэх шүүмжлэл гараад байсан юм. Тэгвэл өмнөх татварын хуулийн 10.3-т “нас барсан хүний өрийг залгамжлагчдад нь шилжүүлнэ” гэж байсныг “татварын торгууль хамаарахгүй” болгож өөрчилсөн.Иргэдэд хамааралтай дараагийн бас нэг чухал заалт нь Ипотекийн зээлээр орон сууц худалдан авсан татвар төлөгчид хөнгөлөлт эдлүүлнэ. Одоо ипотекийн зээлийн хүү 8 хувь байгаа. Гэтэл тухайн иргэн 13 хувиар арилжааны банкнаас зээл авсан бол 8-13 хувийн зөрүүнд төлөгдсөн 5 хувийн мөнгөн дүнг төлсөн татвараас нь буцаан олгох боломжийг хуульд тусгасан. Ингэж ипотекийн зах зээлийг дэмжих, иргэдээ орон сууцтай болгох бодлогоо Татварын хуульдаа суулгасан” гэв. 

Одоо ипотекийн зээлийн хүү 8 хувь байгаа. Гэтэл тухайн иргэн 13 хувиар арилжааны банкнаас зээл авсан бол 8-13 хувийн зөрүүнд төлөгдсөн 5 хувийн мөнгөн дүнг төлсөн татвараас нь буцаан олгох боломжийг хуульд тусгасан.

.

Гадаадын иргэдэд хамаатай нэг заалт нь өрийн хэмжээ 20 сая төгрөгөөс дээш бол, мөн гадаадын харьяалалтай болон харьяалалгүй иргэн татварын өртэй бол хилээр гаргахыг хориглоно гэсэн заалт орсон гэдгийг тодотгож байв. Энэ талаар Сангийн сайд, БНХАУ-ын хөрөнгө оруулалттай компани Оюутолгойд 72.1 тэрбум төгрөгийн татварын өртэй байсан боловч, төлөлгүйгээр хилээр гарч явсан. “G time” гэдэг корпораци НӨАТ-ын 1.4 тэрбумын өртэй боловч эзэн нь бас хилээр гарч зугтсан жишээг иш татаж байв.

Ийм компаниудын Монгол Улсад төлөх татварын өр 120 тэрбумд хүрээд байгаа учраас дээрх заалтыг оруулсныг тодотгов. Энэ мэтээр татвараас зайлсхийх боломжийг гаргуулахгүйгээр хааж, татварын суурийг хамгаалах үүднээс олон улсын стандартад нийцсэн (үндэстэн дамнасан корпорациуд болонгадаадын хөрөнгө оруулалттай ААН-үүдийн эсрэг) үнэ шилжүүлэхийн эсрэг дүрэм журам нэвтрүүлж, татварын бүртгэл мэдээллийн санг бүрдүүлэн, татварын үйлчилгээг бүрэн цахимжуулж буйг Сангийн сайд мэдэгдлээ.

НӨАТ-ын урамшууллыг жилд нэг удаа буцаан олгодог байсныг улирал бүр болгоё гэсэн заалтыг шинэ хуулинд оруулжээ. Мөн амьдран суух зориулалтаар анх удаа орон сууц худалдан авсан болон барьсан бол нэг удаа гурван сая төгрөгийн татварыг хөнгөлдөг байсан бол шинэ хуулиар зургаан сая төгрөг болгон нэмэгдүүлсэн. Хуулийг 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлж эхлэх бөгөөд дээрх зохицуулалт заасан хугацаанаас хойш орон сууц авсан, барьсан иргэдэд хамаарах юм. 

Улаанбаатар /МОНЦАМЭ/.

Б.Болд

Гэрэл зургийг Б.Чадраабал

Холбоотой мэдээ