“Х” ТАЙЛАНГ “УСТГАХ” ШИНЭ ХУУЛЬ

2019-03-20 803 0

Одоогоос нэлээд хэдэн жилийн өмнө Татварын ерөнхий газраас жилдээ 1-10 тэрбум хүртэлх төгрөг олсон атлаа хуулийн дагуу татварын тайлангаа гаргаж өгөөгүй эсвэл ямар ч үйл ажиллагаа явуулаагүй хэмээн “Х” тайлан ирүүлсэн компаниудын нэрсийг зарлаж байсан. Эдгээр компаниуд нь дандаа барилгын салбарт үйл ажиллагаа явуулдаг хувь хүн, компаниуд багтсан байв. Тэгвэл байдал өнөөдрийг хүртэл амь бөхтэй оршсоор байна.

Ээлжит бус чуулганаар Татварын багц хуулийг батлана.  Татварын хуулийн шинэчлэлийн гол цөм нь цөөн хэдэн хүн татвар төлөх биш нийтээрээ бага багаар нийлээд үндсэн татварын орлогыг бөөгнүүлээд төсвийг бүрдүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх юм. Дэлхийн ихэнх улс оронд жижиг, дунд аж ахуйн нэгжүүд төсвийн орлогоо бүрдүүлдэг. Харин манайд татварын албанд тайлангаа ирүүлсэн аж ахуйн нэгжүүдийн дийлэх хувь нь “Х” тайлан гаргадаг байна. Ингэхдээ орлогогүй, үйл ажиллагаа явуулдаггүй гэх бэлэн бөгөөд хялбар тайлбар хийдэг. Гэтэл маш олон аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж, бага хэмжээний борлуулалтын орлого олж байгаа ч түүнийгээ улирал бүр бүртгэн тайлагнахаас зайлсхийдэг нь нууц биш. Иймээс эрх зүйн орчин болоод тогтолцооны гажуудлыг засах шаардлага бий болсон гэсэн үг.

“Х” тайлан гэж юу вэ?

Татвар төлөгч тайлант хугацаанд ямар нэгэн орлого олж, зардал гаргаагүй нөхцөлд “Х” буюу үйл ажиллагаа явуулаагүй гэсэн тайлан гаргаж, үйл ажиллагаа явуулаагүй үндэслэлээ тайлбарласан албан бичгийн хамт харъяалах татварын албанд тушаасан байна.

“Х” тайланг хэн өгдөг вэ?

  • Татвараас зайлсхийх зугтаах зорилготой
  • Бүтээлч бус
  • Үйл ажиллагаа явуулаагүй
  • НББ хөтөлдөггүй
  • Шийдвэртэй бус

Өнөөдрийн байдлаар нийт татварын тайлан өгдөг аж ахуйн нэгжүүдийн 50 орчим хувь нь Х тайлан гаргаж байна. Харин шинэ хуулиар Х тайлантай аж ахуйн нэгжүүд жилд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний татвар төлдөг байхаар тусгаад байна. Нэг үгээр үйл ажиллагаа явуулж чадаагүй, орлого олоогүй гээд тайлангаа өгдөг. Одоогийн хуулийн төслийн шинэ зохицуулалтаар бол ийм аж ахуйн нэгжүүд жилд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болон 320 мянган төгрөг төлөхөөр болж байна. Улирал тутамд 80 мянган төгрөгийн татвар төлнө гэсэн үг юм.

П.АНИР
Оллоо.мн

Холбоотой мэдээ